Эверестийн оргилд гарсан уулчид эх орондоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүн анх 2006 онд дэлхийн дээвэр Эверестэд мөрөө гаргасан байдаг. Тэр цагаас хойш 18 жилийн дараа Монголын хамгийн олон хүнтэй "Жаргалант" уулчдын баг Эверестийн 8848 метрийн өндөрт эрэгтэй багийн дөрвөн хүн, Лхоце оргилын 8516 метрт эмэгтэй багийн 4 хүн амжилттай гарсан билээ. Тус багийн сүүлийн хүмүүс хоёр хоногийн өмнө эх орондоо иржээ.
Уулчдын мандуулсан энэ төрийн далбаа нь Эверестийн оргилд хоёр дахь удаагаа мандаж байгаа аж. Өнгөрсөн 2018 онд уулын спортын ОУХМ Б.Бямбасүрэн энэ төрийн далбааг авч явж, мандуулж байсан түүхтэй.
"Жаргалант" уулчдын клубын дөрвөн эмэгтэй анх удаа үндсэн отгоос хөдөлж, Лхоце оргилд багаараа гарсан түүхэн амжилт гаргасан бол, эрэгтэй багийхан Эверестэд багаараа оргилдож, мөн түүхэн амжилт тогтоосон билээ. Энэ багийн ахлагчаар Монголын уулчдын үндэсний холбооны аврах болон аюулгүй ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч, уулын спортын мастер, 2022 онд Памирын аврах багийн ахлагчаар явсан С.Ганхүү ажиллаж, энэ төслийг санаачлан зохион байгуулсан байна.
"Жаргалант" уулчдын клубын уулчид болох С.Ганхүү, О.Золбоохүү, Д.Амартогтох, Б.Батхишиг Б.Золзаяа, Л.Баярсайхан, Ц.Анхбаяр, Ц.Гэрэлт-Од нар дэлхийн дээвэр Эверест болон Лхоце оргилуудад амжилттай авиралт хийж аюулгүй буусан юм. Ингэснээр Б.Золзаяа, Б.Батхишиг, Д.Амартогтох, Л.Баярсайхан нар Лхоцегийн оргилд гарсан анхны монгол эмэгтэйчүүд болжээ.
Дэлхийн дээвэр Эверестийн оргилыг С.Ганхүү, О.Золбоохүү, Ц.Анхбаяр,
Ц.Гэрэлт-Од нар эзэлсэн бол дэлхийн дөрөв дэх өндөр оргил болох Лхоцед
Б.Золзаяа, Б.Батхишиг, Д.Амартогтох, Л.Баярсайхан нар гарчээ.