“Эко тэмдэг, ногоон баталгаажуулалтын схем”-ийн талаар цахимаар хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-06-08 16:36:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хүрээнд манай улсад хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарт “Эко тэмдэг, ногоон баталгаажуулалтын схем”-ийг боловсруулах ажил эхэллээ. Дээрх төслийг Европын Холбооны СВИЧ-Эйшиа хөтөлбөрийн санхүүжилтээр Пипл ин Нийд, Монголын Тогтвортой санхүүгийн холбоо, Хөгжлийн Шийдэл болон Каритас Чех РепабликТББ-ууд хамтран хэрэгжүүлж байгаа юм.


Хүнсний салбар дахь “Эко тэмдэг, ногоон баталгаажуулалтын схем”-ийг боловсруулж эхэлсэнтэй холбогдуулан анхны хэлэлцүүлэг цахимаар боллоо. Уулзалт хэлэлцүүлгээр оролцогч талуудын санал, зөвлөмжийг тусган боловсруулсан стандартыг эрх бүхий газруудаар батлуулан, амьдралд нэвтрүүлж хүрээлэн байгаа орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүний эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах бичиг баримт болгон батлуулахаар зорьж буйг мэдээллээ.


Төслийн үр дүнд Тогтвортой хөгжлийн холбогдох зорилтуудыг хангахад чиглэсэн байгаль орчин, засаглал, нийгмийн хэмжүүр бүхий хүнсний аюулгүй байдлыг хангаж буйг батлах баталгаажуулалтын схем, тэмдэг, стандарт, шалгуур үзүүлэлтүүд, онооны систем болон хэрэгжүүлэлтийн гарын авлагыг боловсруулж байна. Энэ ажлыг Монсертф” компани шалгаран гүйцэтгэж байна. Стандартын шалгуур нь:

  • үйлдвэрлэлийн түвшинд байгаль орчин, хүнсний аюулгүй байдал, нийгэм, засаглалын үзүүлэлтүүдийг,
  • бүтээгдэхүүний (ус, ундаа) түвшинд байгаль орчин болон хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг багтаажээ.


“Эко тэмдэг, ногоон баталгаажуулалтын схем” боловсруулах цахим хэлэлцүүлэгт холбогдох яамдын мэргэжилтэнүүд, хүнс, ус ундаа үйлдвэрлэлийн салбарын бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөл, стандарт хэмжил зүйн мэргэжилтэнүүд, банкны төлөөлөл оролцлоо.


“Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хүрээнд Монгол Улсын хүнс, ус ундаа үйлдвэрлэлийн салбарын бичил, жижиг, дунд үйлдвэрлэгч, борлуулагч, хэрэглэгч нарыг байгальд ээлтэй үйлдвэрлэл болон хэрэглээ, ногоон дадал хэвшилтэй болоход шаардлагатай мэдээлэл, аргачлалаар хангах, улмаар зах зээлд суурилсан эко тэмдгийг нэвтрүүлж, ногоон санхүүжилтийн эх үүсвэртэй болгох, тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж.


Европын холбооны Switch Asia (Свич Эйшиа) хөтөлбөр нь Азийн орнуудын нүүрстөрөгч болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг ариг гамтай ашиглах замаар тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Түүнчлэн Ази дахь тогтвортой үйлдвэрлэл болон хэрэглээний хэв маягийг дэмжих, Ази, Европын хоорондох нийлүүлэлтийн сүлжээг илүү ногоон болгох үүднээс хэрэгждэг юм. 

Холбоотой мэдээ