БНСУ-ын Данвон эмнэлгийн эмч нар Баянхонгор аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймаг БНСУ-ын Данвон эмнэлгийн захирал Ким Бён Ёл, Мэс заслын эмч Пак Син Ён, Дотрын эмч И Хён Сү болон холбогдох мэргэжилтнүүд Баянхонгор аймагт ажиллаж, орон нутгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийн хүрээнд хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг илрүүлэх үзлэг оношлогоо хийлээ.
Зүрхний төрөлхийн гажигтай байж болзошгүй хүүхдүүдэд онош тодруулах үзлэг, зүрхний эмчийн хяналтанд байдаг 0-15 насны хүүхдүүд болон эмчид үзүүлэх хүсэлтэй насанд хүрэгчид нийт 600 гаруй хүнийг үзлэгт хамруулж, шаардлагатай эмээр хангасан байна. Үзлэгийн үеэр хагалгаанд орох шаардлагатай 10 гаруй хүүхдүүд Солонгос улсад үнэгүй хагалгаанд орох талаар зөвлөжээ.
Айлчлалын үеэр хоёр тал хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Сонирхуулахад, Данвон эмнэлэгтэй 2013 оноос эхлэн зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийх чиглэлээр хамтарч ажиллаж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд 17 хүүхдийг үнэгүй хагалгаанд хамруулан шинэ амьдралтай золгуулжээ.
Б.Мөнхзул