Э.Бат-Үүл: С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж шалгахдаа хуулиа барих хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-12 13:44:54

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.

Тэрбээр энэ тухай Э.Бат-Үүл мэдээллийнхээ эхэнд "2000 онд ямар нэг гэм буруугүй байхад Ганц худагт хорьсон. Тухайн үед хэвлэл мэдээллийнхэнд хандаж амжаагүй. Иймээс энэ байдал дахин давтагдах вий гэх үүднээс сэтгүүлчдэд хандаж байна" гэлээ.

Тэрбээр, "С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн тэр орой гэртээ сууж байхад нийслэлийн Цагдаагийн дарга Ганболд “Хамгаалалтад авч байна” гэж хэлээд хэрэг болсон газарт дагуулж очсон. Хэргийн газар очиход хамгаалалтад аваагүй, бужигнасан хүмүүс дунд аваачсан. Тэр үед цочирдохдоо хадам ээжийнд маань байдаг байсан цагаан цэнхэр малгайг мартсан байсан.  Хэргийн дараа гэрчийн хувьд мэдүүлэг авсан. Тэгээд "Энэ малгайг мартсан байсан нь тогтоогдлоо" гээд буцааж өгсөн. Ингээд надаас дахин мэдүүлэг аваагүй.

Гэтэл 2000 оны сонгуулийн үеэр малгайн асуудлыг дахин сөхөж, сэжигтнээр татсан. Тухайн үед намайг маш ихээр гүжирдэж миний эсрэг хамгийн том улстөр хийсэн. Сонгуулийн дүнд МАН маш том ялалт байгуулсан.  Ингээд 8 сард "Хүн зодсон" гэх хэргээр Ганц худагт хорьсон. Прокурор хэргийг хянаад хэрэгсэхгүй болгосон. Гэтэл дахин яллагдагчаар татаж байна гээд шоронд хорихоо үргэлжлүүлсэн. Прокурор энэ хэргийг үндэслэлгүй хэмээн үзэж, хүчингүй болгосноор би шоронгоос суллагдсан юм. Намайг энэ хэрэгт холбогдуулахдаа дандаа хүмүүсийн гүжирдлэгээр шоронд хийж байсан. Энэ хэрэгтэй холбогдуулж өндөр мэргэжлийн мөрдөгчдийг хөлсөлж авч ирэх хэрэгтэй. Олон улсын дэмжлэг авах хэрэгтэй гэж С.Оюун, Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар хэлж байсан удаатай. 

Ингээд сая манай гэр бүлийн хүний утсаар утасдсаар байгаад Тагнуулын байгууллагаас сэжигтнээр татсан тогтоол гардууллаа. Нэг хэрэгт намайг хоёр дахь удаагаа сэжигтнээр татаж тогтоол гаргасан. Энэ бол хууль бус. Иймээс би мэдүүлэг өгөхгүй гэсэн. Би өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Би анхнаасаа энэ хэргийг илрүүлэхийн төлөө байсан. Энэ хэрэгтэй холбоотой хамгийн их хэлмэгдэж байгаа хүн нь би. Тиймээс би энэ хэргийг өдөр бүр илрээсэй гэж хүсдэг. Өөрийн зүгээс бүхий дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Гэхдээ хуулийн дагуу шалгах хэрэгтэй" гэлээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ