ДУНДГОВЬ: Уурхайн хаалт нь талбайг аюулгүй, байгаль орчинд ээлтэйгээр татан буулгах, нөхөн сэргээх цогц үйл ажиллагаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Салхитын мөнгө, алтны ордын уурхайн хаалтын нийт зардлыг менежментийн жишиг төлөвлөгөөг УУХҮЯ, БОАЖЯ-нд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
Тухайн орон нутгийн нөхцөл байдал, агаарын чанар, хөрсний бүтэц, ус, ургамал, ан амьтан, орон нутгийн иргэдийн амьжиргаа, эрсдэл зэргийг үнэлж, хөндөгдсөн газар нутгийг нөхөн сэргээх, хэлбэршүүлж, байгаль, нутгийн ард иргэд, хүн малд аюулгүй болгон үлдээх, ашиглалтын явцад бий болсон дэд бүтцийг цаашид тогтвортой ашиглах зэргийг эхнээс нь төлөвлөж, ашигтай ажиллаж байх үедээ дээрх ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүг бүрдүүлэхэд уурхайн хаалтын менежментийн төлөвлөлөгөөний ач холбогдол оршдог аж.
Төлөвлөгөөнд нийгэм эдийн засгийн шилжилтийн асуудлыг тусгах нь ямар ач холбогдолтойг тус төлөвлөгөөг боловсруулах зөвлөх багийн гишүүн доктор Ц.Бүжидмаагаас тодрууллаа.
Тэрбээр "Уурхайн хаалт нь талбайг аюулгүй, байгаль орчинд ээлтэй байдлаар татан буулгах, нөхөн сэргээхэд чиглэсэн цогц үйл ажиллагааг хамардаг. Уурхай хаагдахад тухайн орон нутгийн эдийн засаг, ажил эрхлэлт, дэд бүтэц, иргэдийн нийгмийн бүтцэд ихээхэн нөлөө үзүүлдэг.
Нийгэм эдийн засгийн шилжилт нь эдгээр нөлөөллийг бууруулах стратегийг тодорхойлж, нөлөөлөлд өртсөн нутгийн иргэдийн амьжиргаа, бизнес эрхлэлт, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлснээр эдийн засгийн шинэ боломж, нийгмийн өөрчлөлтөд дасан зохицоход тусалдаг гэж болно.
Эрдэнэс силвер компанийн хувьд Салхитын мөнгө, алтны ордыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос өндөр настны тэтгэврийн зээлийг нэг удаа хааж өгсөн. Орон нутгийн хувьд төслийн нөлөөллийн бүсэд зам, үүрэн телефоны сүлжээ, цахилгаан дамжуулах шугам, худаг, барилга байшин гээд дэд бүтэц бий болсон. Түүнээс гадна орон нутгийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчныг хамгаалж, нөхөн сэргээх, иргэдийг чадавхжуулах чиглэлээр компанийн зүгээс хийж, хэрэгжүүлсэн маш олон ажил байгаа. Цаашдаа ч орон нутгийн нийгэм, эдийн засгийг дэмжих зорилгоор уурхайн ханган нийлүүлэлтийн сүлжээнд нутгийн иргэдийн жижиг дунд бизнесийг дэмжих, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах, “Их газрын чулуу” байгалийн цогцолбор газрыг хамгаалах чиглэлээр тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Харин Байгаль орчны зөвлөх багийн ахлагч Б.Батчимэг хэлэхдээ “Төлөвлөгөөнд
тус ордын тусгай зөвшөөрлийн нөлөөлөлд өртсөн талбайг нутгийн иргэдийн мал
бэлчээрлэдэг байсан байгалийн унаган төрхөд ойртуулж сэргээхдээ гадаргын
хэлбэршүүлэлт, техникийн нөхөн сэргээлт, шимт хөрсний хучилт, биологийн нөхөн
сэргээлт, боломжит нөөц, цаашид эвдрэл, доройтлыг хянах ажлуудыг авч үзсэн.
Нөхөн сэргээлтийг гадаргын зохистой хэлбэр үүсгэсний дараа ургамал ургах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шимт хөрсөөр хучиж, тухайн орон нутагт бүртгэгдсэн 86 зүйл ургамлын жагсаалтаас 13 овгийн 20 төрлийн 33 зүйл ургамлыг туршилтаар тарьж, ургамалжуулахыг зөвлөмж болгосон. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээлтэд нутгийн ургамлыг үрээр тарьж ургуулах нь зорилгод нийцэж байгаа” гэсэн юм.