Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын санхүүжилтийн таксономиг баталсан анхдагч орнуудын нэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-06-15 15:57:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган"-ы хүрээнд өнөөдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд болох Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономийг баталлаа.


Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ “Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Санхүүгийн зохицуулах хороо урт хугацааны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон хөрөнгийн зах зээлийг бий болгох, олон улсын санхүүгийн зах зээлд өргөн хүрээнд ашиглаж буй ногоон бонд гаргах зохицуулалтын орчныг бий болгох хүрээнд ТОС холбоо, Олон улсын санхүүгийн корпораци /IFC/, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/, Европын сэргээн босголт хөгжлийн банк /EBRD/ зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажилласан. Энэ хугацаанд олон нийтэд санал болгон компанийн бонд гаргах ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хялбаршуулж, банкны богино хугацаат, өртөг өндөр зээлийн оронд хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт татах зохицуулалтын орчныг боловсронгуй болгохоор Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журмыг баталсан. Ингэснээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа олон улсын жишигт нийцсэн ногоон бонд гарах боломж бүрдсэн. Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс ногоон таксономийг баталснаар ногоон таксономи дахь ангилал, үйл ажиллагааны дагуу анхны ногоон бонд, даатгалын бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын сангууд бий болсон” гэв.


Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономийг баталснаар улсын хэмжээнд аливаа санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалын тогтвортой хөгжлийн зорилтод оруулж буй хувь нэмрийг бүртгэх, тайлагнах, дотоодын болон гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэв.


Мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан мөн чуулганы үеэр Олон улсын санхүүгийн корпорацийн “Тогтвортой банк, санхүүгийн сүлжээ” байгууллагын гишүүнээр элсэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Тус байгууллага нь хөгжиж буй зах зээлүүдийн тогтвортой санхүүгийн санаачилгыг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 63 орны санхүүгийн салбарын зохицуулагч болон холбогдох 80 гаруй байгууллага гишүүнээр элссэн байна.  

Холбоотой мэдээ