ГОВЬ-АЛТАЙ: Төрийн албан хаагчид зуны цэцэрлэгт хүүхдээ хамруулах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-19 13:32:22

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчид зуны цэцэрлэгт хүүхдээ хамруулах боломжтой боллоо. 


Өнөө жил Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой тохиож Засгийн газрын шийдвэрээр наймдугаар сарын 1, 2-нд тэмдэглэхээр болсон. Ойн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан төрийн алба хаагчдын ээлжийн амралтын хугацаа хойшлох, үүнээс үүдэн тэдний бага насны хүүхдийг харах хүний асуудал үүсч буй аж. Иймд төрийн алба хаагчдыг ажлаа санаа зовохгүйгээр хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор Есөнбулаг сумын 11 дүгээр цэцэрлэгт зуны дөрвөн бүлэг нээж ажиллуулахаар болжээ. 


Зуны бүлгийг нээн ажиллуулахаасаа өмнө БШУГ-аас төрийн албанд ажиллаж буй цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдээс санал асуулга авсан бөгөөд одоогоор 75 хүүхэд хамрагдах хүсэлтээ ирүүлж бүртгүүлсэн тухай тус аймгийн БШУГ-ын дарга Ж.Амгаланбаатар мэдээлэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ: “Орон нутгийн онцлогоос шалтгаалж хичээлийн бус цагаар зуны бүлэгт ажиллах тус цэцэрлэгийн багш нарын цалин холбогдох бусад урсгал зардлыг эцэг эхчүүдээс гаргуулна. Төрийн алба хаагчид бүртгүүлсэн хүүхдүүдээ цэцэрлэгийн зуны бүлэгтээ идэвхтэй хамруулаарай” гэдгийг онцолсон юм. 


Холбоотой мэдээ