ЭЕШ-д улсын хэмжээнд 158 сурагч 800 оноо авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-06-19 14:08:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2023 оны ЭЕШ-ыг улс орон даяар энэ сарын 15-18-нд зохион байгуулж, нэгдсэн дүнг Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр танилцууллаа.


Тус төвийн дарга Л.Ганбат мэдээлэхдээ, "ЭЕШ-ын энэ жилийн онцлог гэвэл жилдээ хоёр удаа зохион байгуулдаг болсон. Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. 2023 оны 12 дугаар сард дахин ЭЕШ зохион байгуулна. Нэгдүгээр сард өвлийн элсэлт авах зохицуулалт хийнэ. Энэ нь шалгуулагч дүн оноогоо ахиулах,  мэргэжилт сонголтоо солих зэрэг боломж олгож буй юм. Мөн блокчэйн технологийг нэвтрүүллээ. Энэ жил 10 хичээлийн найман хичээлийн гүйцэтгэл өмнөх оны дунджаас тодорхой түвшинд буурсан үзүүлэлт гарсан. Гэхдээ ЭЕШ-ын дүнгээр ямар нэгэн сургалтын хөтөлбөр хэрэгжилтиЙГ үнэлдэггүй. Боловсролын чанарыг олон үзүүлэлтээр үнэлнэ гэвэл зөвхөн нэг үзүүлэлт нь ЭЕШ-ын дүн оноо байх учиртай. ЭЕШ нь шалгуулагчдыг эрэмбэлэх зорилготой уралдаант шалгалт юм" хэмээв. 


Энэ жил 47 шалгалтын байранд 2460 орчим комиссын гишүүд ажиллаж, 93 276 шалгалтыг эдгээр өдөрт зохион байгуулжээ. Нийт 34 462 шалгуулагч бүртгүүлснээс 31 874 нь шалгалтад хамрагдаж, ирц 92,6 хувьтай байв. Түүхийн хичээлээр 1214, биологийн хичээлээр 6027, математикийн хичээлээр хамгийн их буюу 21 810 шалгуулагч шалгалт өгсөн бол орос хэлний хичээлийн шалгалтыг хамгийн цөөн буюу 787 хүүхэд өгчээ.


Математикийн хичээлд эрэгтэй хүүхдийн дундаж 27.6, эмэгтэй хүүхдийн дундаж 28.2 хувьтай байна. Улсын хэмжээнд 800 оноо авсан 158 шалгуулагч байна. Үүнд, математик 30, монгол хэл 14, нийгэм 20, англи хэл 33, орос хэл 30, газарзүй 1, физик 11, хими 9, биологи 9, түүхийн хичээлээр 1 шалгуулагч тус тус 800 оноо авчээ. Тухайн хичээлийн шалгалт өгсөн хүүхдийн тооноос хамаарч эдгэээр тоо гарсан талаар тэрбээр мэдээлэлдээ дурдавӨнгөрсөн онд 208 шалгуулагч 800 оноо авч байжээ.


Шалгуулагчид өнөөдрөөс Батламж хуудсаа цахимаар авч, сургуульдаа бүртгүүлэх юм. 

Холбоотой мэдээ