Э.Орчлон: Хөрөнгө оруулагчид манай эрчим хүчний экспортыг тэлэхэд нөлөө үзүүлнэ

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-07-17 12:38:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  14 дэх удаагаа зохион байгуулагдсан "Монголын эдийн засгийн форум"-ыг дэмжигч байгууллагаар “URECA” компани ажилласан юм. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг технологийн шийдлийг санал болгодог тус компанийн Гүйцэтгэх Захирал Э.Орчлон форумын “Шинэ эрчим хүчний эх үүсвэр-Нар, Салхи, Устөрөгч” сэдэвт салбар хуралдааныг удирдаж явуулсан юм.


Түүнтэй эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хөрөнгө оруулагчдыг энэ салбарт татах нь ямар чухал юм бэ гэдэг асуудал дээр төвлөрч ярилцлаа.

-Эдийн засгийн чуулганд оролцогчид, хөрөнгө оруулагчдын сонирхол юунд чиглэж байсан болон манай улсын нөөц бололцооны талаар танаас эхлээд сонирхоё.

-Энэ чуулганд гадаадын маш олон өндөр түвшний зочид ирлээ. Чуулганаар яригдсан сэдвүүдийн 70-80 хувь нь дэлхийн эрчим хүчний шилжилтийн талаарх асуудал байсан. Дэлхийн даяар, хөгжсөн болон хөгжингүй орнуудад сэргээгдэх эрчим хүчний асар их хэрэгцээ байна. Мөн ногоон буюу хүлэмжийн хий багатай уул уурхайн бүтээгдэхүүнүүд эрэлттэй болсон. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний болон уул уурхайн бүтээгдэхүүний асар их нөөцтэй. Бид тэдгээрийг тус тусад нь хоёр салбар, хоёр тусдаа бүтээгдэхүүн юм шиг хөгжүүлж ирсэн. Энэ удаагийн форумаар бид юу ойлгов, гадныхан юу ярив гэдгийг эхлээд ярих нь зүйтэй байх. Юуны түрүүнд бид энэ хоёр бүтээгдэхүүнийг бие биенээ нөхөж чаддаг хэмжээнд хөгжүүлэх нь зүйтэй юм байна. Өөрөөр хэлбэл зөвхөн уул уурхайн хүдэр, баяжмал боловсруулахдаа  биш, цэвэр, сэргээгдэх эрчим хүчээрээ нэмүү өртөг шингэсэн ган, зэс, ногоон ган, ногоон зэс гэх мэтчилэн эцсийн бүтээгдэхүүн гаргах асар их бололцоо Монгол Улсад байна. Дэлхий даяар ган, зэс, лит  эргэлтэд орж байна.

Цахилгаан машин ярьж, ерөөс бүх зүйлсээ цахилгаанжуулж байна. Бүхий л хэрэгцээгээ ногоон үйлдвэрлэлрүү шилжүүлэхийг эрмэлзэж, тэр бүтээгдэхүүн нь олон улсын зах зээлд илүү их эрэлт хэрэгцээтэй болж эхэллээ. Дараагийн 10-20 жилийн хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн цэвэр метал, цэвэр зэс, ногоон ган болчихлоо. Манайд тэгвэл бүх нөөц нь байна. Боломж нээлттэй гэсэн үг.


-Гадныхны сонирхлыг татах баялаг нөөц нь манайд байгаа учир хөрөнгө оруулагчид манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарыг ихээхэн сонирхох боллоо.

-Тийм. Монголын эдийн засгийн форумд яагаад энэ олон том том зочид төлөөлөгч, мундагууд ирж байна вэ гэвэл Монголд бүх өгөгдөл нь байгаад л учир байна. Газрын асар их баялаг нөөцтэй учир түүнийгээ сэргээгдэх эрчим хүчтэйгээ хослуулснаар дэлхий дахины эрчим хүчний шилжилтийг манайх тэжээж тэтгэх, гол бүтээгдэхүүнийг нийлүүлдэг улс болох боломжтой юм гэдгийг эндээс харлаа. Гадаадын зочид ч ингэж хэлж байна. Ногоон шилжилтэд дэлхий даяар 10 триллион долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм байна. Тэгвэл манайд байгаа эдийн засгийн асуудлууд үүний хажууд асар жижигхэн болж таарч байгаа юм. Нөгөө талаар бидэнд, энд салбарт амжилттай байх нөөц хангалттай хэмжээнд бий.


-Форумаас ажиглагдсан олзуурхах шинэлэг зүйл нь таны бодлоор чухам юу байв?

-Чуулганаас нэг зүйлийг тодоор харлаа. Тэр нь бид асуудлуудаа нээлттэй, нуухгүйгээр чөлөөтэй ярьж сурсан байна. Бид хэрэв хөгжлийн төлөө явж л байгаа бол бүх зүйлс асуудалгүй, гоё байгаа юм шиг нуугаад байх шаардлагагүй юм л даа. Хэлбэрээс илүүтэй агуулга дээрээ Монгол Улс онцгой ач холбогдол өгдөг болж эхэлж байгаа тун сайн. Тийм ч учраас олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг, уул уурхай болон сэргээгдэх эрчим хүчний салбарыг дараагийн шатанд аваачихад бэлэн байна гэсэн мессеж энэ арга хэмжээнээс гарсан.


-Манай эрчим хүчний салбар яагаад урт удаан хугацаанд алдагдалтай явж ирэв?

-Эрчим хүчний салбарын сайд, энэ салбарыг сэргээхийн тулд маш их эр зориг хэрэгтэй гэсэнтэй би санал нийлж байгаа. Яагаад гэвэл, бид улсаараа эрчим хүчийг зах зээлийн бүтээгдэхүүн юм уу, эсвэл нийгмийн халамж юм уу гэдгээ зоригтой тодорхойлж шийдвэр гаргах ёстой. Монгол Улс дэлхийн улс орнуудтай харьцуулахад эрчим хүчний хэрэглээгээ хамгийн хямд үнэ тарифтайгаар түгээдэг. Гэтэл өртөг бол өндөр байгаад байдаг. Хэрэглэгч хямд үнэтэй эрчим хүч авч байгаа нь сайхан боловч энэ салбарынхаа үнэ цэнийг ойлгох тал дээр учир дутагдалтай байдаг нь нууц биш. Үүрэн холбоо, интэрнэт, хоол хүнс гэх мэтдээ зарцуулдаг төлбөр мөнгөнийхөө дараа эрчим хүчний төлбөрөө эрэмбэлж хардаг. Бидний төлж байгаа цахилгааны төлбөр өртгөөсөө хамаагүй доогуур байгаа учраас энэ салбар асар их алдагдал хүлээдэг.


-Төрөөс эрчим хүчний үнэ тарифыг зохицуулж ирсэн нь бас нэгэн талын учир дутагдалтай байдаг нь эндээс харагдаад байдаг. Гэлээ гээд үнийг юу юугүй чөлөөлөх боломжгүй. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчдыг татах тухай ярихад бэрх байх?

-Зах зээлийн зарчмаар бол алдагдалтай ажиллаж байгаа салбарт хөрөнгө оруулалт татахад үнэхээр хүнд. Жишээ нь үүрэн телефон, цахим сүлжээний үнэ чөлөөтэй. Тэд үйлчилгээгээ өртгөөсөө давуулж зарж болоод байгаа юм. Уг нь эрчим хүчний салбарыг яг энэ мэтээр хүлээн зөвшөөрч чаддаг болвол мөнгө хуримтлагдахаас гадна хөрөнгө оруулалт хийх боломжууд нь гарч ирнэ шүү дээ. Манай үүрэн холбооны салбарууд Азидаа хамгийн ихээр хөгжсөн. Бүтээгдэхүүнээ зах зээлийн зарчимд нийцүүлэн хангалттай үнээр зарж чадаж байна. Хэрэглэгчид ч төлбөртөө тохирсон үйлчилгээ авч байгаа гэсэн ойлголттой байж болоод байна. Яг түүн шиг эрчим хүчний хэрэглээнийхээ үнэ цэнийг ойлгох нь чухал юм. Эрчим хүч нүдэнд харагддаггүй, баригддаггүй, ажиллаж л байвал хэн ч тоодоггүй. Энэ гоё эрчим хүч, энэ нь муухай юм байна гэж ялгах боломжгүй. Гэтэл хоёр гурван цаг л эрчим хүч байхгүй бол өөр бусад ямар ч салбар байхгүй гэсэн үг шүү дээ. Үүнийг л мэдэрч ухамсарладаг болох шаардлага манайханд бий. Ерөөс эрчим хүчний үнэ тарифыг зах зээлийн гольдрол руу шилжүүлэхэд хаа хаанаа бэлэн болох ёстой. Энэ байгаа янзаараа хямд байгаад байж болно. Хэрэв тэгвэл энэ салбарт хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Уг нь чөлөөт зах зээл бол маш хүчтэй.


-Эрчим хүчний салбарыг илүү ахицтай болгох, үгүй ядахдаа алдагдалгүй ажиллахад нь хэрэглэгчийн ухамсар, хэрэглээгээ ойлгодог, эрчим хүчээ алдагдалгүй үнээр нь худалдаж авч чаддаг байх төлөвшил бат суух нь хамгийн чухал. Үүний тулд юу хийх хэрэгтэй юм бол? Мөн хөрөнгө оруулагчид манайхыг ихээхэн сонирхож байгаа ч яг хэдий хурдан хугацаанд нааш хүчээ тавьж эхлэх бол?

-Би бол богино хугацааны асуудал гэж харж байгаа. Яагаад гэвэл, цаад эрэлт нь триллион доллараар яригдаад байгаа юм. Гаднын хөрөнгө оруулагчид, "дэлхийн эрчим хүчний шилжилтэд танай орны ногоон материалууд, ногоон эрчим хүч, ногоон уул уурхайн бүтээгдэхүүнүүд чинь асар их хэрэг болж байна" гэж хэлээд эхэллээ. Тэдний хөрөнгө оруулалтын үр нөлөөгөөр манай дотоодын нийт бүтээгдэхүүн ихэснэ, тэр хэмжээгээр хүмүүсийн амьжиргаа ч сайжирна. Эрчим хүчний асуудлуудаа ч шийднэ. Дээр хэлсэнчлэн бодлого боловсруулагчид нь зоригтой байх ёстой, хэрэглэгчид нь ч эрчим хүчийг ямар их үнэ цэнтэй зүйл вэ гэдгийг ойлгодог болох ёстой. Нэг үгээр хэлбэл энэ салбарыг зах зээлийн зарчмаар хөгжүүлэхэд төр болоод иргэний ойлголцол чухал.


-Гадаадын хөрөнгө оруулагчид манайд  зоригтой орж ирэх нөхцөл нь хэр бүрдэж байгаа гэж та харж байна вэ?

-Энэ удаагийн Монголын эдийн засгийн форумын уур амьсгалыг харахад хөрөнгө оруулагчид манайхыг нэлээд зоригтойгоор сонирхох болжээ. Тухайлбал “JP Morgan” банкны хөрөнгө оруулалтын ТУЗ-ийн дарга л гэхэд эрчим хүчний шилжилтийг тэтгэх бүтээгдэхүүнүүд манайд байгааг маш их олзуурхаж харж байгаагаа хэлсэн. Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахыг сонирхогчдын хувьд манай дотоодын зах зээлийг сонирхож байна гэхээсээ илүү манай экспортыг тэлэхэд нөлөө үзүүлэх нь ээ гэж харах хэрэгтэй. Мэдээж манай дотоодын зах зээл бага шүү дээ. Үнэхээр хамтарч чадах юм бол манай улс дараагийн Саудын Арави ч юм уу, Арабын Нэгдсэн Эмират шиг эрчим хүчний шилжилтэд том тоглогч болох боломжтой. Бүх өгөгдлүүд нь байгаа учраас тэр нөөц боломжоо бид хангалттай ашиглах ёстой.

Хэрэгцээ хаана байна, мөнгө нь түүнийгээ дагаад бий болчихдог. Мөнгө харин байнга зөв бүтээгдэхүүнээ хайгаад явж байдаг гэж би ойлгодог.


Холбоотой мэдээ