Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татсаныг эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-09-14 14:29:46

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татсаныг эсэргүүцэж буйгаа илэрхийлж АН-ын Ардчиллын холбооны анхдагч гишүүд болох С.Батчулуун, Ц.Хурцбилэг, СГЗ С.Амарсанаа, МУГЖ Д.Сосорбарам, “Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр нар мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд МУГЖ Д.Сосорбарам “Хуулийн байгууллагууд намын даалгавраар ажиллаж ирсэн жишгийнхээ дагуу хүмүүсийг хэлмэгдүүлж эхэллээ. Үүнийг таслан зогсоох цаг болсон. Би хэдэн зуун сая хүний өмнөөс ч үнэний төлөө зогсоход бэлэн байна” гээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлнэ гэж мэдэгдэв. Мөн С.Батчулуун “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх хүсэл зорилготэй нэг ч хүн алга. С.Зоригийнхоо араас харуусч, илрээсэй гэж 20 жил хүлээлээ. С.Зоригийг хөнөөсөн хэргээр улс төрийн хамгийн хорлонтой үйлс хийдэг боллоо. Бид үүнийг тэвчиж чадахгүй” гэсэн бол Н.Энхбаяр “Энэ эрх баригч намынханд хандаж хэлэхэд Э.Бат-Үүлийг дэндүү хэлмэгдүүллээ. 2000 оны сонгуулиар хэлмэгдүүлсэн. Одоо ханах хэрэгтэй” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ