Аялагчид “Уул усны диваажин Увсын цэнхэр хязгаар-100 км”-т явган алхлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-02 13:25:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс нутгийг зорьсон 12-75 насны 120-иод явган алхагч долоодугаар сарын 28-30-ны өдрүүдэд 100 км-т 3 өдрийн турш явган алхлаа.


“Уул усны диваажин Увсын цэнхэр хязгаар 100 км” явган алхалтын хөтөлбөрийн хүрээнд Улаангом хоттой танилцаж, түүхэн хөшөө дурсгал, үзэсгэлэнт газруудаар алхсан, хуучин Түргэний төв, Түргэний гол, мөнх цаст Дэглий цагаан хайрхан, Улаан даваа, Түргэний уулс, Үүрэг нуур, Хагийн хөдөө, Чандмань улаан уул, Увс нутгийн хамгийн нам доор газар, Монгол Улсын хамгийн том, дэлхийн өвд бүртгэгдсэн Увс нуур, Хяргас нуураар аялжээ. Мөн “Улаангом политехник коллежийн номын санд шинжлэх ухаан, уран зохиолын 100 гаруй ном хандивлан, оюуны хөрөнгө орууллаа. Увс аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг худалдан авч, Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит музейд зочлон, Увс аймгийн явган алхалтын холбооны тэргүүн, гэрэл зурагчин Д.Баттулгын “Tug photography” гэрэл зургийн урлантай танилцсан байна.


Монголын явган алхалтын холбооны Увс аймаг дахь салбар, аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ болон нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, байгаль орчны боловсролыг дэмждэг төрийн болон ТББ, аж ахуй нэгжүүд хамтран тус аяллыг зохион байгуулжээ. Монголын явган алхалтын холбоо нь эх орныхоо үзэсгэлэнт байгалийг сурталчлах замаар явган алхалтын аялал жуулчлалд хувь нэмрээ оруулж, орон нутгийн орлогыг нэмэх, мөн хөдөлгөөний дутагдлаас улбаатай өвчин эмгэг, тэр дундаа зүрх судас, тархи мэдрэл, стресс, үе мөч, хорт хавдрын өвчлөлийг бууруулахад чухал нөлөөтэй явган алхалтыг сурталчлахад ач холбогдол өгч байна. Явган алхагчид нь очсон газар орондоо явганаар аялангаа байгаль дэлхийгээ танин мэдэх, хайрлахад суралцаж, мод тарьж, хүн ардын аж байдал, ахуй, ёс заншил, уламжлал, түүх соёлтой танилцан, нөхөрлөлийн хүрээгээ тэлэх боломжийг ч бүрдүүлдэг. Тус холбооны гишүүд нь Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Төв, Архангай, Дархан-Уул, Орхон, Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгий нутагт томоохон алхалтын хөтөлбөрүүд зохион байгуулж байв.


Дараагийн алхалт “Айрагтай нутгийн алхалт- Булган 100 км”, “Эзэн Чингис хааны өлгий нутаг-Хэнтий 100 км”, “Төв сайхан нутаг -Төв 100 км”-ээр өртөөчлөн үргэлжлэхийг Монголын Явган алхалтын холбоо мэдээллээ. 


Холбоотой мэдээ