АШУҮИС-д энэ хичээлийн жилд гадаадын 9 орны 310 оюутан суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.tuul@montsame.gov.mn
2023-09-02 11:15:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллагын нэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль 81 дэх хичээлийн жилийнхээ нээлтийг хийлээ.


Тус сургуулийн ерөнхий захирал, хүний гавьяат эмч Н.Хүрэлбаатар нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Бид ирэх жилүүдэд дэлхийн шилдэг сургуулийн нэг болохын төлөө ажиллаж байна. Манай сургууль өргөжин тэлж, мэргэжлийн үйл ажиллагааг цогцоор нь үзүүлж байгаа. Бид сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр орон нутгийн гурван сургуульдаа тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс гадна сургалтын гурван хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан амжилтаар шинэ хичээлийн жилээ угтаж байна. Монгол Улсад анхны их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх зорилтоо биелүүлэхийн төлөө хичээн тодорхой үр дүнд хүрсний зэрэгцээ олон улсын төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч, зөвхөн өнгөрсөн жил гэхэд 42 шинэ төслийг эхлүүлсэн” хэмээв.


Нээлтэд оролцсон хүндэт зочдын нэг, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “АШУҮИС дотоодод шаардлагатай боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэдэг байсан бол олон улсын сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлснээр гадаад орноос оюутнуудыг олноор нь сургах болсныг онцоллоо. Өдгөө тус сургуульд гадаадын есөн улсаас 300 гаруй оюутан суралцаж байгаа нь сургалтын чанар ямар түвшинд хүрснийг харуулах маш том үзүүлэлт төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл явц боллоо гэлээ. 

 

Дэлхийн хөгжсөн орнуудын сургуулиуд нийт төсвийнхөө 4-5 хувийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулдаг бол АШУҮИС 7.2 хувийг зориулж байгаа нь тус сургууль бодлогын хувьд томоохон өөрчлөлт гарч байгаагийн нэг жишээ аж.  Тус сургууль харьяандаа 12 сургууль, таван эмнэлэг, таван эрдэм шинжилгээ судалгааны төв, хоёр цэцэрлэг, хоёр лицей сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд энэ хичээлийн жилд нийт 16 мянга гаруй оюутантайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулна. Тэдгээрээс 1961 нь бүрэлдэхүүн сургуулиудад, 830 нь орон нутагт шинээр элссэн оюутнууд юм. Цаашид оюутны тоог тогтвортой хэмжээнд барих бөгөөд тооноос чанарт анхаарах нь тус сургуулийн томоохон бодлого гэдгийг багш захирлууд нь онцолж байв.  

 


Холбоотой мэдээ