ДУНДГОВЬ: Сайнцагаан сумын 6 дугаар цэцэрлэг Д.Оргын нэрэмжит болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын 15 дугаар хуралдаан 8 дугаар
сарын 31-нд хуралдаж, Сайнцагаан сумын 6 дугаар цэцэрлэгийг Дашдаваагийн Оргын
нэрэмжит болгох шийдвэр гаргажээ.
Тус цэцэрлэг 75 жилийн өмнө анх яслийн бүтэцтэй байгуулагдсан бөгөөд Д.Орго эрхлэгчээр нь 13 жил ажиллажээ. Энэ жил тус цэцэрлэгийн хувьд ясли байгуулагдсаны 75 жил, цэцэрлэг суурин дээрээ баригдсаны 50 жил, Яслиас цэцэрлэг болон хөгжсөний 25 жилийн ой тохиож байгаа юм. Түүхэн ойн үйл ажиллагааны хүрээнд ийнхүү тус цэцэрлэгийн эрхлэгчээр олон жил ажилласан Д.Оргын нэрэмжит болж, түүхэн ойгоо 9 дүгээр сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлсэн.
Дашдаваагийн Орго Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул. 1958 онд Улаанбаатар хотын хүн эмнэлгийн техникум төгсөж, 1958 оноос Улаанбаатар хотын такси баазад эмч, Өмнөговь аймгийн сүрьеэгийн эмнэлэгт бага эмч, дүн бүртгэгч, яслийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1968 онд Дундговь аймагт шилжин ирж, тус аймгийн ясли (одоогийн 6 дугаар цэцэрлэг)-ийн эрхлэгчээр ажилласан байна. Энэ хугацаанд 6 дугаар цэцэрлэгийн одоогийн барилгыг улсын төсөвт суулган цэцэрлэгийн шинэ барилгыг бариулж байжээ.
Тус цэцэрлэг анх 25 ортой, 6 ажилтантай үүд хаалгаа нээж
байсан бол өнөөдөр 22 албан хаагч, 211 хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийн ажлаа
үргэлжлүүлж байна.
Цэцэрлэгийн хамт олон, бяцхан хүүхдүүд энэ хугацаанд
маш олон уралдаан тэмцээнд тэргүүлж байсан бөгөөд “Хүүхдийн төлөө өгөөмөр үйлстэн”, Сайнцагаан сумын тэргүүний
хамт олон”, “Ахмадад ээлтэй байгууллага”, аймгийн 2016 оны “Шилдэг цэцэрлэг”, "Зорилт хэрэгжүүлэгч манлайлагч цэцэрлэг” болж, Боловсролын байгууллагын
үнэлгээгээр 2010-2023 онд эхний байруудад шалгарч байжээ.
2023 онд Орон нутгийн хөрөнгө оруулалтын 188 357 915 төгрөгийн санхүүжилтээр засвар хийж, ажиллах орчин нөхцөлөө сайжруулсан байна.