Тяньжинаас Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин Улаан-Үд хот хүртэл тээвэр хийх боломж бүрдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-08 11:24:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэл буюу БНХАУ-ын Тяньжин боомтоос Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тээвэр хийх боломжтой боллоо.


Тус маршрутаар тээвэрлэлт хийх зөвшөөрлийн бичгийг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-аас олгож байгаа тул тээвэрчид тус төвд хандан авна.


Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах Монгол, Орос, Хятад гурван талын Хамтарсан хорооны III хурлыг зохион байгуулсан юм. Хурлаар Азийн авто замын сүлжээний АН-3 болон АН-4 чиглэлийн авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлтийг эхлүүлэх, мөн Бүгд Найрамдах Киргиз Улсыг Монгол, Орос, Хятадын хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэгтгэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.


Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замаар олон улсын ачаа тээвэрлэлтийг эхлүүлэх асуудлыг баталгаажуулж, АН-4 чиглэлийн авто замаар энэ оны есдүгээр сард багтаан туршилтын тээвэрлэлтийг хийхээр тохиролцсоныг ЗТХЯ мэдээлэв

Холбоотой мэдээ