Харь улсад хэлмэгдсэн 249 иргэний нэр бүхий дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-09 21:23:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалын өдөр”-ийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд хүндэтгэн тэмдэглэдэг билээ. Энэ өдрийг угтан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах харь улсад хэлмэгдсэн 249 иргэний нэр бүхий гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв.


ОХУ-ын Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектэд 2001 онд босгосон “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-ний хувилбарыг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн салбар комисс, НИТХ-ын ажлын албатай хамтран УИХ-ын дэд дарга, Улсын комиссын дарга С.Одонтуяагийн санаачилгаар өнгөрсөн онд босгосон юм.


Хүндэтгэл илэрхийлэх үйл ажиллагаанд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэлийн салбар комисс, хэлмэгдэгчдийн ар гэрийн төлөөлөл, БНСУ-ын “Чэжү 4.3 Энхтайваны сан”-гийн тэргүүн Ко Хи Бум тэргүүтэй хүндэт зочид, төлөөлөгчид оролцож, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөлөө.


Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг “Чэжү 4.3 Энхтайваны сан”-тай санамж бичиг байгуулаад байгаа. Тус сангийн тэргүүлэгч, 11 зочин төлөөлөгч монголын хэлмэгдэгсдэд хүндэтгэл илэрхийлэх, хоёр талын хамтын ажиллагааны болон хэлмэгдсэн иргэдийн дурсгалыг мөнхжүүлэх, цаашид түүхийн хар бараан үйл явдлыг дахин давтахгүй байхад анхаарах чиглэлээр санал бодлоо солилцохоор хүрэлцэн ирээд байгаа юм.

Учир нь БНСУ-ын Чэжү тусгай мужид 1947 оны 4 дүгээр сарын 3-нд манайхтай адил хэлмэгдүүлэлт өрнөж байсныг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр дурдаж байлаа.


ЗСБНХУ-д их хэлмэгдүүлэлтийн улмаас амь насаараа хохирсон 249 иргэнд зориулсан хүндэтгэлийн гэрэлт хөшөөг ОХУ-ын тусгай обьектод байгуулж байсныг ар гэрийнхэн нь тэр бүр очиход хүндрэлтэй учраас НИТХ, ЦАУЗБК, нийслэлийн салбар комисс хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ийнхүү дурсгалын гэрэлт хөшөөг байгуулжээ.

Энэ хөшөөнд сийлсэн 249 хүний нэрс бол зөвхөн эхлэл. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэлийн салбар комисс хамтран цаашид харь улсад хэлмэгдсэн иргэдийн мэдээллийг ОХУ-ын архиваас судлах талаар ажиллаж байгааг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан тэмдэглэв.


“Чэжү 4.3 Энхтайван сан”-гийн тэргүүн Ко Хи Бум энэ үеэр хэлмэгдүүлэлтийн хохирогч болсон иргэд болон ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлээд, “БНСУ тэр дундаа Чэжү арал дээр АНУ-ын цэргийн том нөлөөлөл байсан. Тухайн үеийн Солонгосын шилжилтийн Засгийн газрын оролцоотой цэрэг, цагдаагийн хамтарсан тусгай ажиллагаа явуулж олон мянган иргэнийг хэлмэгдүүлж устгасан түүхтэй. Харин монголчуудын хувьд тэргүүн зэргийн удирдагч, манлайлагч, нийгэм, улс төрийн зүтгэлтэн, элит давхаргын хүмүүс нь хэлмэгдэж байсныг бид өнгөрсөн  4 дүгээр сард болсон монголын Цагаатгалын комиссын айлчлалын үеэр олж мэдсэн. Энэ дурсгалын чухал өдөр ижил сургамж, гашуун түүхтэй ард түмний төлөөлөл болж зүрх сэтгэлээ хуваалцъя, эмгэнэл илэрхийлье хэмээн зорьж ирсэн юм” гэжээ.



“Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн нэгдсэн үйл ажиллагаанд БНСУ-ын ижил төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллага “Чэжү 4.3 Энхтайваны сан”-гийн зочид төлөөлөгчид урилгаар оролцож байгаа нь онцлог юм.  Айлчлалын баг “Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалын өдөр”-ын бүхий л үйл ажиллагаанд оролцохоос гадна  хамтын ажиллагааны хүрээнд “Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ын түүх” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн танхимд маргааш нээх юм. 





Холбоотой мэдээ