ТӨВ: “Соёлын сэргэлт-2023” аяны хаалтын үйл ажиллагааг Баянцагаан суманд зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Соёлын
яамнаас улсын хэмжээнд хэрэгжүүлсэн “Соёлын сэргэлт-2023” аян энэ сарын 14-ний
өдөр Төв аймагт хаалтаа хийлээ.
Аяны хүрээнд Чингис хаан үндэсний
музей, Төв аймгийн Соёл урлагийн газар, “Монгол туургатан театр” хамтран 27
сумын хүүхэд багачууд, залуучууд, иргэдэд зориулан соён гэгээрлийн олон
үйл ажиллагааг зохион байгуулав.
Тус ажлуудыг
дурдвал, лекц, урлагийн тоглолт,
нүүдлийн түр үзэсгэлэн, мэргэжил арга зүйн сургалт, музейн боловсролын
хөтөлбөр, сумын соёлын хүртээмж, тулгамдсан асуудлын талаар санал, асуулга авах
зэрэг үйл
ажиллагааг зохион байгуулсан байна.
Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар
аяны хаалтын үйл
ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ:
“Төв аймгийн ИТХ, ЗДТГ-аас хөгжлийн бодлогоо тодорхойлж, уламжлалт хэв шинжит
байдал болон шинэлэг зүйлийг хослуулсан олон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлээд
байна.
Үүний дотроос Монгол Улсын Соёлын
яамтай хамтран хэрэгжүүлж байгаа “Үндэсний археологи, угсаатны зүйн музей,
лаборатори”-ийг онцлоод , уг томоохон бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж
байгаа дурдлаа.
Түүнчлэн “Соёл урлагийн салбарыг
2021-2024 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний хүрээнд хийсэн томоохон
хөрөнгө оруулалтын ажлуудын талаар мэдээлэл хүргээд Төв аймгийн хувьд цаашид
Соёлын яамтай хамтран ажиллаж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, томоохон
уран бүтээл туурвих, соёлын өвийн томоохон орон зай бий болгохыг зорин ажиллах
болно” гэв.
Төв аймгийн Соёл
урлагийн газрын мэргэжилтнээс тус аяны үр дүнгийн талаар тодруулбал, “Энэхүү аян нь Соёл урлагийн талаар баримтлах
бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, салбарын мэргэжилтнүүдийг
чадавхжуулах ач холбогдолтой байлаа.
Мөн соёл урлагийн салбарын нэр хүндийг
дээшлүүлж, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг шийдвэрлэх, орон нутаг бүр
өөрийн онцлогт тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг
эрэлхийлсэн үр дүнтэй, ажил хэрэгч аян болж өндөрлөлөө” гэв.