Төсвийн тухай хуульд иргэдийн саналыг тусгахаар аймгуудад ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-20 15:24:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ирэх оны Төсвийн тухай хуульд орон нутгийн иргэдийн саналыг тусгахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 16 аймагт очихоор төлөвлөн, одоогоор 10 аймагт ажиллаад байна.


Учир нь тус хуулийг 10 дугаар сарын 1-нд УИХ-д өргөн барихаас өмнө орон нутгийн иргэдтэй уулзан, тухайн орон нутагт хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтай холбоотой саналыг сонсож, тэдний хүсэн хүлээж буй хөрөнгө оруулалтыг хийх зарчим барьж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.


Тэрбээр, “Монгол Улсын төсөвт өмнө нь УИХ-ын гишүүн, аймаг орон нутгийн удирдлагын санал болгосон хөрөнгө оруулалтыг голчлон тусгаж байсан. Энэ жил аймаг орон нутгийн хөгжилд нэмэртэй, иргэдийн амьдралд хэрэг болох, ард иргэдийн хүсэн хүлээсэн хөрөнгө оруулалтыг эрэмбэлүүлэхийг зорьсон. Ингэхдээ зураг төсөл нь бэлэн, Сангийн яамны систмед бүртгэгдсэн, аймаг орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүдийн санал тодорхой тусгагдсан төслийг ач холбогдлоор нь үнэлж, эрэмбэлж байна” гэлээ.


Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа иргэдийн эрэмбэлсэн томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг ирэх оны төсөвт тусгуулах хүрээнд Дархан-Уул аймагт 9, Сэлэнгэ аймагт 7, Архангай аймагт 7 томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон юм.


Аймгийн иргэд голдуу дэд бүтэц, аймаг, орон нутгийг холбосон автозамын төслүүдээ хэрэгжүүлэхийг хүсэж байв. Тухайлбал, АХБ-ны санхүүжилтээр Говь-Алтай Завханыг холбох автозамыг, АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр Ховд-Увсыг холбох автозамын төсөл, төсвийн хөрөнгө оруулалтаар тавих Чойр Мандалговийг холбох автозамын төслийг хэрэгжүүлэхийн чухлыг иргэд тэмдэглэжээ. Ингэснээр ирэх онд төсвийн болон олон улсын байгууллагын санхүүгийн зээлээр хэрэгжих 800 орчим км замыг тавих юм.


Мөн аймаг бүрд цахилгаан, дулаан хангамж, түүний дэд бүтцийн асуудал тулгамдаад байгааг Ерөнхий сайдад уламжилсан байна. Дээрх аймгуудад БНСУ-ын “ЭКЗИМ” банкны зээлээр дулааны станцын төсөл хэрэгжүүлж байгаа нь ирэх оны 10 сараас ашиглалтад орж эхлэх юм. Түүнчлэн, цахилгаан хангамж хомсдолтой байгаа нь орон нутагт ажлын байр бий болгох, эдийн засгаа бүрдүүлэх нөхцөлөө хангах зэрэгт саад болж байна. Иймд цахилгаан, дулаан, дэд бүтцийн хангамжийг цогцоор нь шийдэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэмдэглэж байв.


Төв аймагт гэхэд ерөнхий боловсролын сургууль нь 3 ээлжийн хичээллэх нөхцөл үүссэн тул сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг эхэнд авч үзэхийг хүсжээ. Тус аймаг одоогоор 95 мянга орчим хүн амтай. Нийслэлд ойр, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт эхэлж буйтай холбоотой хүн амын төвлөрөл эхлээд байна. Эхний ээлжинд мянган айлын орон сууцыг бүрэн ашиглалтад оруулсан бол 2 дахь ээлжийнх нь орон сууцны хорооллыг эхлүүлээд байгаа аж.


Иймээс Ерөнхий сайд тухайн орон нутгийн онцлогт таарсан гарц юу байхыг иргэдийн саналыг сонсон, тодорхойлуулж, төрөөс гарах шийдвэр, хууль эрх зүйн орчинд саад учруулж буй асуудлыг хэлэлцүүлэг өрнүүлж шийдэх зарчим баримталж байгааг Засгийн газрын хуралдааны дараа болсон хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

 

Холбоотой мэдээ