Мафийн мэдэлд байсан Венесуэлийн хамгийн том шоронг чөлөөлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАРАКАС. /ВВС/. Венесуэлийн засгийн газар гэмт хэргийн томоохон бүлэглэлийн хяналтанд ороод удаж буй тус улсын хамгийн том шоронг эргүүлэн авахын тулд 11 мянган цэрэг илгээжээ.
Холбогдох албаныхны мэдээлснээр, тус шоронгийн 6000
хоригдлыг өөр хорих анги руу шилжүүлэх аж.
Венесуэл улсын хойд нутагт орших Токорон шорон олон жилийн турш “Tren de Aragua” гэдэг томоохон гэмт хэргийн бүлэглэлийн мэдэлд байжээ. Уг шоронг усан сан, шөнийн цэнгээний газар, амьтны бэсрэг хүрээлэн бүхий зочид буудлын цогцолбор мэт тохижуулсан бөгөөд хоригдлууд шоронгийн эргэн тойронд чөлөөтэй сэлгүүцдэг тухай орон нутгийн хэвлэлд бичиж байжээ.
Түүнээс гадна, олон энгийн иргэд шоронд ял эдэлж буй
хоригдлуудын хамт амьдардаг аж. Эрх баригчид хоригдлуудыг шилжүүлнэ гэж
мэдэгдсэний дараа хоригдлуудын хамаатан садан зарим хүмүүс шоронгийн гадаа хаашаа
явахаа мэдэхгүй уйлж байв.
"Тэд нөхрийг минь хаашаа авч явахыг мэдэхээр хүлээж
байна... Би тэнд амьдарч байсан ч цэргүүд биднийг хөөсөн" гэж AFP агентлагт
ярилцлага өгсөн Глэдис Эрнандес Франс ярьжээ.
Тус шоронд “Tren de Aragua” бүлэглэлийн толгойлогч Хектор Герреро Флорес аллага, хар тамхины хэргээр шоронд 17 жилийн ял эдэлж байжээ. Засгийн газрын цэргүүд тус шоронг хяналтандаа авахаас өмнө тэрбээр шоронгоос чөлөөтэй гарч орж байсан тухай "Эрх чөлөөний төлөөх цонх" байгууллагын зохицуулагч Карлос Ньето ярилаа.