БАЯНХОНГОР: Нүдний мэс заслын эмчилгээ шаардлагатай иргэдийг төлбөргүй эмчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-02 17:22:33

Баянхонгор, 2023 оны 10 дугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Алслагдсан бүс нутгийн иргэдэд нүдний эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, хагалгааг үнэ төлбөргүй хийх төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Баянхонгор хотноо боллоо. 


Нээлтэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Лаурел сангийн зохицуулагч, эмч Хью Парсонс баг хамт олноороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нүд судлалын мэс заслын тасгийн эрхлэгч С.Энхтуул, баг хамт олноороо, нийгмийн эрүүл мэндийн бодлого чиглүүлэгч, хэрэгжүүлэгч газар хэлтсийн удирдлага хамт олон, иргэд оролцов. 



"Лаурел”  мэс заслын сан, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн баг бүрэлдэхүүн 20 сум,  аймгийн төвийн 10 багийн 1231 иргэнд үзлэг хийж, мэс заслын эмчилгээ шаардлагатай 341 иргэнийг сонгож, эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг энэ сараас эхлүүлээд байна. 


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн дэмжлэгтэйгээр Канад улсын “Лаурел”  мэс заслын сан Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагаа тогтоогоод буй. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн хамтран зохион байгуулснаар нүдний нарийн мэргэжлийн эмч нарын баг Баянхонгор аймагт 2023 оны есдүгээр сараас эхлэн ажиллаж, төлөвлөлт үзлэг оношилгоо хийж эхлээд байгаа юм. 


Нээлтийн үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: “Нүдний, харааны өвчлөлд өртөн энэ хорвоо ертөнцийн олон өнгийг тод томруунаар харж чадахгүй байгаа төрөлх нутгийнхаа азай буурлууд, иргэдэд чиглэн олон шатлал дамжуулалгүй, зардал санхүүд баригдалгүйгээр орон нутагтаа оношлуулж эмчлүүлэх боломжийг олгон энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм. Эмчлүүлэгчид та бүхэн маань эмч нарынхаа зөвлөгөөг сайн авч, заавар зөвлөмжийг ягштал биелүүлээрэй” хэмээн захилаа.

  

Ташрамд дуулгахад, Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар Баянхонгор, Жаргалант, Баацагаан, Баянбулаг, Хүрээмарал, Заг, Гурванбулаг, Бөмбөгөр сумын иргэдэд нүдний үзлэг хийж, 19 болор, хоёр далавчит хальс буюу (нүдний мах авах), нэг нулимсны сувгийн хагалгаа хийхээр бэлтгэл ажил хангаж байгаа аж.

Холбоотой мэдээ