БНХАУ-ын Бугатын үйлдвэрлэгчид эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-10-02 16:42:27

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар хоёр талын нүүр тулсан яриа хэлцэл өрнөлөө.


Манай улсад БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн ордны орлогч дарга Янь Жин, Олон улсын худалдааг дэмжих хорооны дарга Жин Шэн Руй, Бугат хотын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн дарга Ли Вэньшя тэргүүтэй бизнес, засаг захиргааны төлөөлөл айлчилж байна.


Айлчлалын хүрээнд МҮХАҮТ-ын удирдлагуудтай уулзаж, Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Мөн Ляонинь мужийн 30 гаруй үйлдвэрлэл, бизнес эрхлэгч манай улсад болдог уламжлалт “Улаанбаатар Түншлэл-2023” олон улсын үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ дэлгэн оролцсон юм.


Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Монголын талаас ЭЗХЯ, МҮХАҮТ, БНХАУ-аас ӨМӨЗО-ы Худалдаа Эдийн Засгийн газар хамтран зохион байгуулж, хоёр талын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулж, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны талаар нүүр тулсан болон хоёр талын ганцаарчилсан уулзалтуудыг хийж, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа.


Уулзалтаар хоёр орны эдийн засаг, худалдааг нэмэгдүүлэхэд Худалдааг дэмжих хороо, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагааны механизмыг өргөжүүлэх, төрийн дээд хэмжээний айлчлалын үеэр бизнес уулзалт, форумыг өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж, үзэсгэлэн худалдааг нэмэгдүүлэн, чанаржуулах талаар хэлэлцлээ. Тодруулбал, Хятад улсын экспортлохоор гол баримталж буй шинэ сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины салбарт илүү түлхүү хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байгааг дурдлаа. Түүнчлэн аялал жуулчлал, орчин үеийн тээвэр логистик, агуулах зэрэг салбарт хамтарч ажиллаж өргөн боломж байгааг хөндөв.


ӨМӨЗО-ы бизнесийн төлөөллийн айлчлалын үеэр МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөл, БНХАУ-ын Бугат хотын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл хамтран эрчим хүчний салбарын талаар уулзалт мөн зохион байгуулсан юм.


Бугат хотын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн дарга Ли Вэньшя “Бугат хот хамгийн том салхин сэнс болон газрын ховор элементийг ашиглан шинэ бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Мөн онгоц, машин, уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэн дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэн ажиллаж байна. Бугат хот 2.8 сая хүн амтай, ДНБ-ий хэмжээгээр Монгол Улсаас 4 дахин их байна. Тиймээс хоёр улс эрчим хүчний зөвлөлөөр дамжуулан эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг нэг шат ахиулан ажиллах, өргөн цар хүрээтэй боломжууд бий болж байна” гэдгийг онцолсон юм.


МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн дарга Д.Ганхуяг “Хоёр орны эрчим хүчний салбарт чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд хамтран ажиллахад анхаарна” гэдгээ илэрхийлсэн юм. Уулзалтад Бугат хотын эрчим хүчний технологи, үйлдвэрлэлийн “Шуанлянь”, “Хойд нутгийн газрын ховор элементийн групп, “Бугат ган төмрийн групп болон МҮХАҮТ-ын дэргэдэх эрчим хүчний зөвлөлийн 20 гаруй гишүүн байгууллага оролцлоо.


Холбоотой мэдээ