Ж.Сүхбаатар: Ерөнхий сайдад албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-02 17:50:47

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ надад үйлдсэн гэм буруу байхгүй ч ёс зүйн хариуцлагаа хүлээж, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлж байна гэлээ.


Тэрбээр цааш хэлэхдээ “Би түгжрэлийг бууруулах үндэсний хорооны 3 дахь дарга юм. Эхлээд Ерөнхий сайд энэ хороог ахалж байгаад, дараа нь Боловсрол, шинжлэх ухааны сайдад энэ ажлыг хариуцуулсан. Эцэст нь эл ажлыг хавсарга байдлаар явуулах нь зохисгүй юм гэж үзээд, намайг томилсон юм. 


Жил гаруй хугацаанд энэ албыг хашсаны хувьд тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж байна. Намайг энэ ажлыг авахад асуудлыг эрэмбэлээгүй байсан. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын түгжрэл сааруулах чиглэлд дэвшүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа тодорхой болсон. Хоёрдугаарт холбоос замын асуудал, гуравдугаарт замын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой асуудал. Дөрөвдүгээрт хууль, эрх зүйн орчин ба соёл гэгээрлийн асуудал. Тавдугаарт төвлөрлийг сааруулах буюу хот хөдөөгийн сэргэлтийн асуудал гэхчлэн эрэмбэлж хийх ажлаа тодорхой болгож чадсан.


Бид эхлээд 500 автобус авахаар төлөвлөж байсан ч 810 болгож нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, тоон дээр ач холбогдол өгсөн нь миний алдаа болсон” гэлээ.



Холбоотой мэдээ