ХӨВСГӨЛ: Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралт 36.4 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-04 17:33:45

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Азийн хөгжлийн банк хамтран Хөвсгөл аймагт "Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх" төслийг хэрэгжүүлж байна.  


Төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэж буй хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.



Тус аймагт Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үед аймгийн хэмжээнд 55 үйлдэгдэж байсан бол энэ онд 35 үйлдэгдсэн бөгөөд тухайн гэмт хэргийн гаралт 36.4 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.


Мөн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт хохирсон иргэдийн тоон үзүүлэлт 38.6 хувиар, холбогдсон хүний тоон үзүүлэлт 37.3 хувиар буурсан гэдгийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг онцолж байлаа.


Сургалтын үеэр Хамтарсан багийн гишүүдэд зориулсан цуврал гарын авлагыг боловсруулсан сургагч багш нар удирдан, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчид шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, кейс менежментийг зөв удирдах арга зүйд суралцуулах чиглэлээр мэдээлэл өгч байна.


Хөвсгөл аймгийн хэмжээнд 23 сум, 1 тосгонд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Хамтарсан баг” тогтмол ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ