БАЯНХОНГОР: Бүх сургуульд Цахим танхим байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Энэ онд Баянхонгор аймаг сургалтын байгууллагын орчныг сайжруулах, багш нарын мэдээлэл технологийн мэдлэг, цахим орчинд сургалтаа зохион байгуулахад анхаарч, хөгжлийн төлөвлөгөөний хүрээндээ олон ажлыг хийж хэрэгжүүлж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээний нийт багш нарын 50 хувьд буюу 600 багшид өндөр хурдны зөөврийн компьютер, 13 сургуульд орчин үеийн Цахим танхим, таван сургуульд Цахим лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.
Мөн ирэх жил Баянхонгор аймгийн боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөөд байна. Тодруулбал, Багшийн хөгжлийн ордон, Соого сейко сургуулийн 640 хүүхдийн хичээлийн барилга, Эрдэм сургуулийн хичээлийн байрны өргөтгөл, Жаргалант суманд 240 хүүхдийн шинэ сургууль, Политехникийн коллежийн дотуур байр, Баянхонгор сумын 14 дүгээр цэцэрлэгийн барилга тус тус шинээр барих аж. Түүнээс гадна үлдсэн бүх багшийг компьютержуулж, хөдөөгийн 14 сургуульд Цахим танхим байгуулахаар төлөвлөсөн байна.
Сонирхуулахад, Өнгөрсөн жилээс боловсролын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгож эхэлсэн бөгөөд энэ оны байдлаар ЕБС, цэцэрлэгийн багш нарын 59.8 хувь нь гүйцэтгэлийн эхний шатанд урамшуулалд хамрагдах болзол хангаж, 9 цэцэрлэг, 16 сургууль улсын дундаж давж урамшуулалд хамрагдахаар болсон байна.