БАЯНХОНГОР: Энэ сарын 13-16-ныг дуустал цахилгаан эрчим хүчээр хэсэгчлэн хязгаарлалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн Баянхонгор салбар 110/35/6кВ-н 6МВА трансформаторыг 110/35/10кВ-н 16МВА трансформатороор солих ажил хийж байна.
Энэ хүрээнд өнөөдөр 10.00-21.00 цагийн хооронд Баянхонгор аймгийн нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээг бүрэн хязгаарлаж байгаа юм.
Мөн энэ сарын 13-16-ныг дуустал онцгой үеийн горим барьж ажиллах бөгөөд чадлын дутагдалд орсон тохиолдолд хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хэсэгчлэн хязгаарлахаар болжээ.
“Баянхонгор Эрчим Хүч ЦТ” ХХК өнгөрсөн онд Баянхонгор аймгийн 110/35/6 кВ-ын 12 МВА суурилагдсан чадалтай ОРУ дэд станцын өргөтгөлийн ажлын гүйцэтгэлээр 2 ширхэг хүчдэл өсгөх төхөөрөмжийн суурийн цутгалтын ажлыг хийж, 2 ширхэг тоноглолыг суурилуулсан ба бусад хүчний тоноглолын ажлыг энэ онд хийж байгаа аж.
Баянхонгор аймгийн хэмжээнд цахилгаан хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, 11 МВт ачаалалтай ажиллаж, чадлын дутагдалд ороод байсан. Тэгвэл 10 кВ-ын хүчдэлийн сүлжээг аймгийн төвд нэвтрүүлэн ажиллаж байгаагаас 2022 онд нийт 18 ширхэг дэд станц, 5км өндрийн шугам сүлжээг 10 кВ-ын хүчдлийн түвшинд бүрэн шилжүүлжээ. 110/35/6 кВ-ын дамжуулах дэд станцаас 480м 10 кВ-ын хүчний кабель шугам угсарч, ачааллын даацыг нэмэгдүүлснээр өвлийн оргил ачааллын үед хэрэглэгчдийг тасралтгүй найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн байна.