Гэр музей хоёр дахь нүүдлийн үзэсгэлэнгээ зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-10-20 17:09:59

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Леонардо Да Винчийн гайхамшигт бүтээлүүдийг сэргээн толилуулсан үзэсгэлэнд тулгуурлан “Соёл урлаг боловсролын хамтын ажиллагаа ТББ” болон “Артэ Инспириэнс” соёлын компани хамтран “Гэр нүүдлийн музей” боловсрол, соён гэгээрлийн төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. 


“Da Vinci Grand Exhibition” үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерей “Артэ Инспириэнс” соёлын компанитай хамтран хоёр сарын турш олон нийтэд энэ оны хавар дэлгэн үзүүлсэн. Тус үзэсгэлэнд Сэргэн мандалтын суут төлөөлөгч Леонардо да Винчийн гайхамшигт бүтээлүүдийг сэргээн бүтээсэн үзмэрүүд, түүний тэмдэглэлийн дэвтрийн нандин хуудсууд, уран зургийн бүтээлүүд болон мультимедиа инстолляци багтсанаараа онцлогтой. 


Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн алслагдмал хороо, дүүргийн ЕБС-иудаар “Суут Да Винчи” үзэсгэлэнг дэлгэн үзүүлж, 5-15 насны хүүхдэд зориулсан бүтээлч боловсролын хөтөлбөрөө олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй хэрэгжүүлж байна. Тус төслийн анхны үзэсгэлэнг нийслэлийн 79 дүгээр дунд сургуульд зохион байгуулахад 1000 гаруй сурагч үзэж, бүтээлч боловсролын хөтөлбөрт 100 гаруй хүүхэд хамрагдсан байна. 


Төслийг санаачлагч, урлаг судлаач, ШУТИС-ийн ҮТС-ийн багш Н.Оргилболд, “Да Винчийн үзэсгэлэнг олон нийтэд хоёр сарын турш дэлгэхэд нийслэлийн алсагдмал дүүрэг, хороодод байрладаг сургуулийн сурагчдаас бага хамрагдсанд харамсаж байсан. Тиймээс “Соёл урлаг, Боловсролын хамтын ажиллагаа” ТББ бидэнд хамтран “Гэр нүүдлийн музей” боловсрол, соён гэгээрлийн төсөл хамтран хэрэгжүүлэх, дэмжиж ажиллахыг санал болгоход бид дуртайяа хүлээж авсан” гэв. 


Тус төслийн хоёр дахь нүүдлийн үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр нийслэлийн 87 дугаар сургуульд өнөөдөр болж байна. 


Урлаг судлалын ухааны доктор Б.Сэргэлэн, “Гэр нүүдлийн музей төсөл монгол гэрүүдийг холбон үзэсгэлэнгийн орон зайг бий болгож нүүдэллэн үзэсгэлэн дэлгэж үзүүлэхийн зэрэгцээ өөрийн бүтээлч боловсролын хөтөлбөртэй цогц шийдэл юм. Улаанбаатар төдийгүй цаашлаад Монгол Улс даяар бид нүүдэллэн аялахыг эрмэлзэж байна. Төслийг санхүүжүүлэхэд Япон улсын ашгийн бус төслийг дэмждэг байгууллагууд тусалж дэмжихээ илэрхийлсэнд бид баяртай байгаа. Одоогоор  өөрсдийн нөөц бололцоог ашиглан төслөө хэрэгжүүлж байна” гэв. 


Нүүдлийн үзэсгэлэн сурагчдын амралттай холбоотой түр завсарлан аяллаа дахин үргэлжлүүлэх аж.








Холбоотой мэдээ