СЭЛЭНГЭ: Соёл, урлагийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхдүүдэд зориулж аялал хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-25 11:23:55

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас санаачлан Соёл, урлагийн байгууллагуудтай танилцах аялал, мэргэжил сурталчлах өдөрлөгийг энэ сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

 

Сүхбаатар сумын Хүүхдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан өдөрлөгт сумын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг Ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 6 сургуулийн 10-12 ангийн сурагчид хамрагджээ.

 

Дээрх үйл ажиллагаанд соёл, урлагийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхдүүдийг сонгож оролцуулсан нь онцлог юм.

 

Хүүхдүүд аймгийн Соёл урлагийн байгууллагууд болох Нийтийн номын сан, АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулга, Нэгдсэн Музейн мэргэжлийн албан хаагчдын ажлын онцлог, үйл явц, үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй болсон байна.  

 

Тодруулбал Нийтийн номын сангийн уншлагын танхим болон бусад нарийн мэргэжил, үндсэн фонд, аргазүй мэдээллийн танхим, удирдлагын өрөөтэй танилцаж,  аргазүйч Т.Нарандалайгийн ажлын туршлага, дурсамжаас хуваалцжээ.

 

Мөн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын дууны ангийн дасгал сургууль, бүжиг ангийн бүжгийн мэндчилгээ, хөгжим ангийн хөгжмийн зэмсгүүдийг үзэж сонирхохын зэрэгцээ захиргаа аж ахуй, тайзны арын болон гэрэлтүүлгийн хэсгийн ажилтны ажлын байртай танилцсан байна.

 

Түүнчлэн музейн бүртгэл мэдээллийн ажилтан Д.Наранчимэг "Музейн ажилтан гэж хэн бэ" сургалтыг зохион байгуулж, мэргэжлийн ажилтнуудын үүрэг оролцооны талаар мэдээлэл өгчээ.

 

Хүүхдүүд аймгийн Нэгдсэн Музейн сан хөмрөгт буй үзвэрийг үзэж сонирхсон байна.

 

Холбоотой мэдээ