Өвөлжилтийн бэлтгэлээ 85 хувьтай хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-21 12:24:25

Увс аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцахад 85 хувьтай байжээ.

Тус компани нь энэ жил Улаангомын цахилгаан дамжуулах агаарын шугамд засвар үйлчилгээ хийж, зарим дэд станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. Цаашдаа хэрэглэгчдийг ухаалаг тоолуурт шилжүүлэх, дэд станц нэмж барих, агаарын шугамын шинэчлэл хийх зэрэг ажлыг төлөвлөөд байгаа аж.

“Цахилгаан түгээх сүлжээ” ХХК нь Увс аймгийн 13 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна. Одоогоор хэрэглэгчдээс 500 гаруй сая төгрөгийн авлагатай ба өрийн хэмжээ 100 гаруй сая төгрөг аж. Энэ жилийн хувьд цахилгаан эрчим хүчний алдагдал 18 хувьтай байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ