Virgin Galactic-ийн арилжааны тав дахь нислэг амжилттай болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-11-03 10:59:49

МОХАВЕ, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /virgingalactic/. Америкийн сансрын аялал жуулчлалын “Virgin Galactic” компанийн SpaceShipTwo (VSS Unity) сансрын нисэх онгоц суборбитал буюу сансрын дэд тойрог замын дагуу арилжааны тав дахь нислэгээ амжилттай гүйцэтгэлээ. 


Уг онгоцыг пүрэв гарагт Нью-Мексико муж улс дахь сансрын хөлгийн "Америка" буудлаас АНУ-ын Зүүн эргийн цагаар 11:00 цагт хос их биетэй, нисэх онгоц тээгч “WhiteKnightTwo” онгоцоор хөөргөсөн байна. VSS Unity ойролцоогоор 15 км-ийн өндөрт нисэх онгоц тээгчээс салж, өөрийн хөдөлгүүрийг асаан, хамгийн дээд тал нь 85 км өндөрт гарчээ. АНУ-ын Агаарын цэргийн хүчний тогтоосноор 80.45 км-ийн өндөрт сансрын хил байгаа бөгөөд энэ нь Олон улсын нислэгийн холбооны тогтоосноор сансрын нислэг эхэлдэг шугамаас (100 км) доор юм.


Энэ удаагийн “Galactic 5” багийн бүрэлдэхүүнд хөлгийн дарга Майкл Масуччи, нисгэгч Келли Латимер, Virgin Galactic -ийн сансрын нислэгийн зааварлагч Колин Беннетт нар болон гурван зорчигч болох Франц-Италийн нэг иргэн, Америкийн эрдэмтэн Саул Алан Стерн, Келли Жерарди нар багтжээ. Тэд судалгааны төвүүдийн захиалгаар хэд хэдэн туршилт хийсэн байна.


Хамгийн дээд өндөрт гарсны дараа зорчигчид хэдэн минутын турш жингүйдлийг мэдэрчээ. Нислэг нийтдээ нэг цаг орчим үргэлжилсэн байна. Энэ нь Virgin Galactic-аас 2023 онд зохион байгуулсан зургаа дахь, VSS Unity-ийн хувьд арав дахь нислэг юм.



Холбоотой мэдээ