ХӨВСГӨЛ: Үлгэрийн орон мэт Хөвсгөл нутгийн өвлийн үзэсгэлэнт байгалиар аялаарай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол орны хойморт орших Хөвсгөл аймаг мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдгууд, гүн цэнхэр Хөвсгөл нуур, хөвч тайга, цаатан иргэд, байгалийн үзэсгэлэн гоо цогцолсон нутаг тул жуулчид "Монголын Швейцар" гэдэг.
Хөвсгөл нутгийн өвлийн байгаль яг л
үлгэрийн орон мэт үзэсгэлэнтэй, гайхамшигтай учраас сүүлийн жилүүдэд өвлийн
улиралд аялагчдын тоо нэмэгдсээр байна.
Өвлийн аялагчдад зориулан “Хөх сувд”
мөсний баяр, Мөсний загасчлалын “Хөвсгөлийн цом” олон улсын тэмцээн, “Цаа цасны
баяр”-ыг жил бүр зохион байгуулж байна.
Хасах 50 хэмд хөлддөггүй амьд устай Жаргантын гол
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын урд
талд оршдог Жаргантын гол -50 хэмд хөлддөггүй учраас нутгийн иргэд амьд устай
гэж үздэг. Голын харзанд өвлийн улиралд иргэд их ордог бөгөөд маш дулаан,
дотор нь ургасан өвс ургамал нь ногооноороо цэцэглэж байдаг онцлогтой юм.
Мөн голын уур манан ойр орчмын мод бутыг цантуулж, өвлийн улиралд маш үзэсгэлэнтэй болдог учраас иргэд очиж сонирхон зургаа авахуулдаг болжээ.
Жилийн 4 улиралд цаа маллан амьдардаг цаатан иргэд
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгад очсоноор Хөвсгөл
аймгийн 6 дахь хошуу мал цаа, цаатан иргэдийн аж амьдралтай танилцах боломжтой
юм.
Цаст тайгад цаатан иргэд олон зууны туршид нүүдэллэн, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн ёс заншилтай танилцаж, цаа унаж, урцан гэрт хонож зургаа авахуулах боломжтой юм.
Идэр есийн хүйтэнд урцанд хоноглож цаагаа маллан амьдардаг цаатан иргэдийн өв соёл, өвлийн аж амьдралыг олон нийтэд таниулан сурталчлахаар "Цаа, цасны баяр"-ыг жил бүр гуравдугаар сард тэмдэглэдэг болжээ.
Байгалийн өвөрмөц тогтоцтой Хорьдол Сарьдагийн нуруу
Хөвсгөл нуурын баруун өмнөд, дархадын
хотгорын зүүн өмнөд хэсгээс хойш 130-аад километр сунаж тогтсон уул нурууг
Хорьдол Сарьдагийн нуруу гэдэг.
Хорьдол Сарьдагийн нуруу нь далайн түвшнээс дээш 2500-аад метр өндөр, түүний салбар уулс нь эгц шовх өндөр оргилтой.
Хамгийн өндөр нь 3093 метр Дэлгэрхаан уул юм. Хорьдол, Сарьдагийн нурууг байгалийн өвөрмөц сонин тогтоцтой, ховордсон ан амьтан, өвс ургамалтай тул 1997 онд дархан цаазат газар болгосон юм.
Хөвсгөл нуур
Байгалийн унаган төрхөөрөө давлагаалах
Хөвсгөл нуур газар хөдлөл, хагарлын хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн, хойноосоо
урагш сунаж тогтсон цэвэр тунгалаг устай.
Парис хотод 2022 онд зохион байгуулсан Хүн ба шим
мандлын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурлаар Хөвсгөл нуурыг
ЮНЕСКО-д бүртгэсэн.
Хөвсгөл нуур Монгол орны цэвэр усны хамгийн гол нөөц бөгөөд стратегийн бүтээгдэхүүнд ордог. Монгол орны гадаргын усны нөөцийн 93 хувь нь Хөвсгөл нуурын ус юм. Дэлхийн цэнгэг усны нэг хувьтай тэнцдэг байна.
Хөвсгөл нуур 11 дүгээр сарын сүүлчээс
хөлдөж эхлэн 70 см-ээс 1 метр гаруй хөлддөг юм.
Хөвсгөл нуураа хамгаалах өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2000 оноос эхлэн “Хөх сувд” мөсний баярыг нутгийн иргэдийн дунд хийдэг байсан бол сүүлдээ өргөжин Олон улсын эвент үйл ажиллагаа болсон юм.
“Хөх сувд” мөсний баярыг ирэх оны гуравдугаар сарын 2,3-нд зохион байгуулна.
Үнэнч хайрын түүхтэй Бошлой хад
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг Дэлгэр мөрөн, Бэлтэс голын бэлчирт элдэв сонин үрчлээ судал, агуй бүхий сүрлэг өндөр цохиог Бошлой хад хэмээн нэрлэдэг билээ.
Бошлой хэмээх залуугийн үнэнч хайрын тухай өгүүлдэг
домогтой тус газрыг хосууд зорин очиж үзэж сонирхон зургаа авахуулдаг болжээ.
Даян дээрхийн агуй
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 35
километрийн зайд Үүрийн голын баруун цутгал Дээрх голын дунд хавьд зүүнээс
нийлэх хавцал аманд Даян дээрхийн агуй байдаг.
Даян дээрхийн авралд багтсан хэн бүхэн гурван жилдээ барцад, нүглээ гөвж, ивээлд нь оршдог гэж бэлгэшээдэг учраас Монгол орны өнцөг булан бүрээс иргэд зорин ирдэг болжээ.
100 салаа мод
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс баруун зүгт 5
километрт 100 салаа мод байдаг. Мод нь ганцхан үндэснээс салаалан ургасан маш
олон мөчиртэй бөгөөд нийт 100 салаа юм.
Тус модонд нутгийн иргэд ахуй амьдралаа даатгаж, цай сүүнийхээ дээжийг өргөн аминчлан хүслээ шивнэсээр иржээ.
Сүүлийн жилүүдэд 100 салаа модыг хүсэл биелүүлдэг хэмээн аялагч иргэд зорин ирдэг болжээ.