“Ливерпүүл”-ийн хөлбөмбөгчний эцгийг суллажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БОГОТА, 2023
оны арваннэгдүгээр сарын 10 /Reuters/. Колумбийн “Үндэсний чөлөөлөх арми” /ELN/ зэвсэгт бүлэглэлийнхэн
“Ливерпүүл” клубийн довтлогч
Луис Диазын эцгийг хоёр долоо хоног барьцаалсны
эцэст сулласан тухай
тус улсын Засгийн газар
мэдэгджээ.
Хөлбөмбөгчний эцэг Луис Мануэл Диазыг барьцаалсан явдал нь Колумбид 60 жил үргэлжилсэн мөргөлдөөнийг эцэс болгохоор өнгөрсөн жилээс дахин эхлүүлсэн Засгийн газар, “ELN” хоорондын энхийн хэлэлцээг тасалдуулсан юм. Уг мөргөлдөөний улмаас 450 мянга гаруй хүн амиа алджээ.
Хоёр тал наймдугаар сараас эхлэн зургаан сарын хугацаагаар гал зогсоогоод байжээ. Л.Диазын эцгийг 10 дугаар сарын 28-нд түүний амьдардаг хойд нутгийн
Ла Гуахира мужийн Барранкас тосгоноос барьцаалсан байна.
Хөлбөмбөгчний эцэг
гэртээ ирснийхээ дараа гэр
бүлд нь дэмжлэг үзүүлсэн Колумбийн ард түмэн, Ла Гуахира, Барранкасын оршин суугчдад талархал илэрхийлээд "Та бүхэнд баярлалаа, та
бүхэнд маш их хайртай” хэмээн
хэлжээ.
Л.Диазын хувьд Англид үлдэж, “Ливерпүүл”-ийн төлөө тоглосоор байгаа хэдий ч өнгөрсөн ням гарагт
“Лутон Таун” клубтэй хийсэн Премьер Лигийн тоглолтын
үеэр өмсгөлийнхөө дотуур эцгийгээ
суллахыг хүссэн бичигтэй цамц өмсөж, уг хэрэг явдалд шаналж байгаагаа илэрхийлж байв. 1:1 онооны харьцаагаар тэнцсэн тоглолтын төгсгөлд
тэрбээр тэнцээний гоолыг
оруулсан юм.
“Луис
Диазын эцэг эсэн мэнд гэртээ эргэн
ирсэнд бид баяртай байна,
түүнийг суллахад гар бие оролцсон
бүх хүнд талархал илэрхийлье”
гэж “Ливерпүүл” клуб олон нийтийн X /хуучнаар Twitter/ хуудсаараа дамжуулан мэдэгджээ.