Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Э.Энхтуяа, О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан нарын нэрийг дэвшүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-16 10:39:33
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2023.11.15) хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.


Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар захирамжаараа Эрдэнээгийн Энхтуяаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгож буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Э.Энхтуяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд Ховд аймгийн 10 жилийн I дунд сургуулийг, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. 2005 онд Япон Улсын Кюүшү их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, англи, орос хэлтэй. Тэрбээр 1999-2000 онд Ховд аймгийн прокурорын газрын нарийн бичиг, 2000-2001 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч, 2001-2002 онд ХЗДХ-ийн дэд сайдын туслах, 2002-2012 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2012-2016 онд ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, 2016 оноос ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус тус ажиллаж байжээ. Хуульч мэргэжлээр 24 жил ажилласан нэр дэвшигч Э.Энхтуяа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болзлыг бүрэн хангасан, эрх зүйч мэргэжилтэй, хуульч, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, хууль зүй болон улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хуралдаанд танилцуулав.


Дараа нь Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнээр томилуулах саналыг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7 дахь хэсгийг тус тус үндэслэн, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 36 дугаар тогтоолын дагуу Одонхүүгийн Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд танилцуулж буйг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг хуралдаанд танилцуулав.


Нэр дэвшигч О.Мөнхсайхан нь 1983 онд Ховд аймгийн Жаргалант сумд төрсөн. 40 настай, 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Нэр дэвшигч нь Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийж, 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг, 2011 онд хууль зүйн докторын зэргээ тус тус хамгаалжээ. Англи хэлтэй, 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессороор нийтдээ 18 жил ажилласан бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа юм байна. О.Мөнхсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургууль болон хуульч, шүүгчийн үргэлжилсэн сургалтад Үндсэн хуулийн эрх зүй, хүний эрх, шүүх, хуульчийн ёс зүй, эрх зүйн болон улс төрийн философийн хичээлийг заадаг байна. Сүүлийн 10 жилд мэргэшсэн чиглэлээрээ 30 орчим судалгааны төслийг дангаараа болон багаар хэрэгжүүлж, 9 ном, сурах бичиг, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг англи, монгол хэлээр хэвлүүлсэн байна. Түүнчлэн 60 орчим судалгааны илтгэл хэлэлцүүлсэн болохыг танилцууллаа. Тэрбээр АНУ-д Вашингтоны их сургууль болон Жорж Вашингтоны их сургуульд зочин судлаач, Япон Улсын Нагояагийн их сургуульд гадаад судлаачаар ажиллаж байжээ.


Мөн Цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Лувсандоржийн Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас санал болгон, нэр дэвшүүлж байна гэлээ. Нэр дэвшигч Л.Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхдээ нэн тэргүүнд онолын мэдлэг, Үндсэн хууль, судалгааны ажлын туршлагыг, удаад нь хууль тогтоох, гуравдугаарт гүйцэтгэх, дөрөвдүгээрт шүүх эрх мэдлийн салбарт ажилласан мэдлэг, туршлага, ур чадварыг үндэслэн Улсын Их Хурлаас Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгааг Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа онцлов.


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь МУИС болон УБИС-д нийтдээ 19 жил багшилж, эрх зүйн онол, Үндсэн хуулийн эрх зүй, парламент судлалын чиглэлээр нэг сэдэвт 10 гаруй бүтээл, ном, гарын авлага туурвиж, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл судалгааны ажил бичиж, эрдэмтэн судлаачид болон олон нийтийн хүртээл болгосон Үндсэн хууль судлаач юм байна. Тэрбээр Үндсэн хууль болон шүүх эрх мэдэл, хууль тогтоох үйл ажиллагааны практик судалгааны чиглэлээр Америк, Герман, Япон, Франц, Солонгос, Швейцарын холбооны улсад мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, дэд профессор цолтой.


Л.Өлзийсайхан нь 1998 оноос эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр тасралтгүй 25 жил ажиллаж байгааг Улсын Их Хурлын дарга танилцуулав. 1998-2002 онд УБИС-д, 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багшаар ажилласан. Хууль тогтоох салбарт буюу Улсын Их Хурлын Тамгын газарт 2007 оноос ажиллаж, мерит зарчмаар өсөн дэвшсээр өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгааг Г.Занданшатар дарга танилцууллаа. Нэр дэвшигч 2007 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх, Экспертийн хэсэг хариуцсан ахлах зөвлөх,  2013-2015 онд ШЕЗ-ийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, 2015- 2017 онд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ. 2018-2019 онд ЗГХЭГ-ын Стратегийн удирдлага зохицуулалтын газрын даргаар ажиллаж байгаад 2019 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Л.Өлзийсайхан нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг боловсруулах эхний шатаас хэлэлцэн батлах хүртэл бүхий л үйл явцад Улсын Их Хурлын гишүүдийг мэдээлэл, судалгаагаар хангах ажлыг хариуцаж, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлан ажиллаж Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэллээ. 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг ард иргэдээр хэлэлцүүлэх, санал авах, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар үндэсний хэмжээний Зөвлөлдөх санал асуулга явуулах зэрэг төрийн ажил хэрэг, томоохон түүхэн үйл хэргүүдийг зохион байгуулахад бодлого, хэрэгжилтийн түвшинд мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж хариуцлагатай ажилласан гэдгийг танилцуулгад дурдав. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх үндсэн шаардлагыг хангаж байгаа, хууль зүй, эрдэм шинжилгээний судалгаанаас эхлэн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн салбарт 25 жил хууль, эрх зүйн мэргэжлийн ажлаа нэр төртэй эрхэлж буй Л.Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж байгаагаа Г.Занданшатар дарга танилцууллаа.


Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигчдийг дэмжив. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ