ДАРХАН-УУЛ: “Шинэ хөдөө” төслийн хүрээнд нэг тэрбум төгрөгийн тоног, төхөөрөмж хүлээлгэн өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Шинэ хөдөө” төсөл Дархан-Уул аймагт хэрэгжиж байна. Уг төслийг тойрогтоо санаачлан хэрэгжүүлж буй УИХ-ын гишүүн, ЁЗСХБХ-ын дарга Б.Баттөмөр 2023 онд нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг “Техник дундын бааз”-д хүлээлгэн өгсөн аж.
Өнгөрсөн баасан гарагт 82 ширхэг зуны хүлэмж, усалгааны систем, нэг га ногооны талбай услах хүчин чадал бүхий 15 ширхэг усалгааны иж бүрэн тоног төхөөрөмж, хөрс боловсруулах, үр үрсэлгээ хийх зэрэг газар тариалангийн зарим төрлийн тоног төхөөрөмж аймгийн ХХААГ, Орхон сумын ЗДТГ-т хүлээлгэн өгч хаврын тариалалтын техникийн хүчин чадлыг нэмэгдүүллээ.
Дээрх
тоног төхөөрөмжүүдээс гадна Орхон суманд хүлээлгэн өгсөн зөгийн бал савлах үйлдвэр, сийрүүлэгч, цант
борной, бутлагч зэрэг тоног төхөөрөмжүүд нийлээд нэг тэрбум төгрөгийн өртөгтэй
аж.
2024 онд “Шинэ хөдөө” төсөлд 2,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжүүд нэмж авахаар болсон байна.
Ташрамд энэхүү төсөл нь эрчимжсэн мал аж ахуйтай
хослуулан газар тариалан хөгжүүлж буй Дархан-Уул аймгийн хөдөө аж ахуй, газар тариалан
эрхлэгчдийг дэмжих, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нутагшуулах, экспортын бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийг дэмжиж, импортыг орлох
бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зорилготой аж.
Техник, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням болон орон
нутгийн удирдлагууд оролцлоо.