ДУНДГОВЬ: Мандалговь хотноо “Эрсдэл ба стандарт” үндэсний форум болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-20 16:52:26
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/.  “Эрсдэл ба стандарт” үндэсний форум Дундговь аймгийн Мандалговь хотод өнөөдөр болж байна.


Тус форум аймгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрсдлийг бууруулах арга замыг зорилготой юм.  


Форумын үеэр гамшгийн эрсдлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, гамшигт үзэгдэл, эрсдлийг удирдах стандарт барилгын салбарт мөрдөгддөг стандарт, норм зэрэг 12 сэдвээр мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийн хэлэлцүүлж байна.  


Дундговь аймгийн хэмжээнд 2023 онд 75 удаагийн гамшиг осол тохиож, 18 хүний амь насыг аварч, 564,6 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, 9 хүний амь нас эрсдэж, 848,8 сая төгрөгийн хохирол учирчээ. Тодруулбал, 4 удаа газар хөдөлж, 26 удаагийн малын гоц халдварт өвчин гарч, шуурганд 8 хүн төөрч, 2 удаагийн давтамжтай үерийн аюулт үзэгдэл болжээ. Түүнчлэн 27 удаагийн гал түймрийн улмаас 3, Баянжаргалан суманд гарсан уурхайн ослоор 2, зам тээврийн 6 удаагийн ослын улмаас 4 хүн нас барсан байна.


Форумд оролцогчид гамшиг, ослын нөхцөл байдал, тулгамдсан асуудал ба цаашид эсрдлийг бууруулахын тулд ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар хэлэлцэн, шийдвэр гаргах ажээ.


Форумд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Засаг даргын харьяа агентлагийн мэргэжилтнүүд, боловсрол эрүүл мэндийн салбарын ажилтнууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөөлөл 100 хүн танхимаар, 15 сумын ИТХ, ЗДТГ болон төрийн байгууллагын албан хаагчид цахимаар оролцож байна.   

Холбоотой мэдээ