“Үндсэн хууль-100 жил” парламентын мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-22 08:47:03

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ой ирэх онд тохионо.


Энэхүү түүхэн ойг угтан УИХ-аас зохион байгуулж буй ажлуудын нэг болох “Үндсэн хууль-100 жил” парламентын мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээн юм. Үндсэн хуулийн мэдлэгийг батжуулж дэлгэрүүлэх, Үндсэн хуулиа сахидаг хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлооход түлхэц болох, оюутан залуусаар дамжуулан хууль дээдлэх ёсыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой уг тэмцээн УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ТББ-тай хамтран зохион байгуулах бөгөөд ирэх сарын 09, 10-ны өдрүүдэд Төрийн ордонд болно.


Тус тэмцээн хоёр үе шаттай явагдах ба нэгдүгээр үе шат болох “Үндсэн хууль–Тусгаар тогтнол 100” парламентын мэтгэлцээний үндэсний аваргын сорилго тэмцээн энэ сарын 18-нд МУИС-ийн хоёрдугаар байранд зохион байгуулагдсан бол залуучуудын оюуны спортын энэхүү арга хэмжээний хоёрдугаар шатанд 13 их, дээд сургуулиудын шилдэг 48 баг оролцоно. 

Холбоотой мэдээ