ДАРХАН-УУЛ: “Мэдрэмж” уран зургийн үзэсгэлэнд танин мэдэхүйн бүтээлүүд голлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-27 21:27:52

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар”-ын аяны хүрээнд аймгийн хэмжээнд 120 гаруй ажлыг Соёл, урлагийн газраас зохион байгуулж байна.


Энэ хүрээнд аймгийн Зураач, урчуудын эвлэлтэй хамтран “Мэдрэмж” уран зургийн үзэсгэлэнг 11 дүгээр сарын 25-нд нээж, энэ сарыг дуустал Залуучууд театрт үзэгчдийн хүртээл болгоно. 




Хүүхэд, залуус, иргэдийг соён гэгээрүүлэх, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлийн 70 гаруй хувь шинэ уран бүтээл гэж аймгийн Зураач, урчуудын эвлэлийн тэргүүн Н.Хишигбаатар онцолж байлаа.




“Мэдрэмж” уран зургийн үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлчийн 40 бүтээл дэлгэсэн бөгөөд өнгө, дүрслэлийн төгс илэрхийлэл уран зургууд, сийлбэртэй авдар, бүс, гоёл, чимэглэлүүд багтжээ.




Агуулгын тухайд танин мэдэхүйн шинжтэй зургууд түлхүү тавигдсан бөгөөд ЕБС-ийн сургуулийн сурагчид анги, хамт олноороо үзэж сонирхож байгаа тул өмнө нь бүтээсэн сор бүтээлүүдээ ч зураачид дэлгэжээ.










Холбоотой мэдээ