COP28: Монгол Улс гурван тунхаглалын баримт бичигт нэгдэхээ илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНДубай, АНЭУ, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Дубай хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28) Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтаар үргэлжилж байна.
Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын Н.Батхүү ярихдаа “Энэ уулзалтаар дэлхийн төр, засгийн тэргүүнүүд уур амьсгалын болон түүний эсрэг нөлөөллийг бууруулах чиглэлд, ялангуяа Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтын хүрээнд ямар ахиц, дэвшил гаргасан болон дараагийн шатанд хийх ажлуудын талаар хамтарсан мэдэгдэл, улс орондоо хийсэн мэдээллийг хүргүүлдэг. Энэ жил манай улс хурлаас санал болгож буй 20 гаруй баримт бичгийн хүрээнд тодорхой түвшний судалгаа болон салбар яамдын саналыг харгалзан үзээд зарим тунхаглал, амлалтад хамтран ажиллахаа илэрхийлэн нэгдэж байна. Тухайлбал, хүнсний тогтолцоо, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн асуудал үүнд багтаж байна. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог хангах асуудал хурлын шинэ сэдэв болж орж ирсэн. Үүнтэй уялдуулж зохион байгуулагч орны зүгээс санаачлан хэрэгжүүлэхээр ярьсан гурван тунхаглалын баримт бичигт Монгол Улс нэгдэхээ илэрхийлсэн. Эдгээр нь тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо, мөн эрүүл мэнд, уур амьсгалын асуудалд холбогдох баримт бичгүүд юм. Эдгээр баримт бичиг, тунхаглалын хүрээнд манай улс өөрийн оронд хэрэгжүүлж буй ажлуудыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн” гэв.
Түүнчлэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралд оролцож буй БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам “Энэ удаагийн уулзалт шинэ амлалт гэхээсээ илүүтэй хэрэгжилт, хамтын ажиллагаа, салбаруудын уялдаа холбоо руу илүү чиглэсэн бага хурал болж байна. Дээд түвшний уулзалтын өмнө болсон хурлуудаар Парисын хэлэлцээрийг нэг мөр хэрэгжүүлэх асуудалд илүү анхаарал хандууллаа. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад зориулсан 429 сая ам.долларын сан босгосон. Одоогийн байдлаар таван орон энэ сан босгох асуудалд нэгдсэн. Бага хурал 12 өдрийн турш үргэлжлэх учраас энэ мөнгөн дүн цаашид нэмэгдэх магадлалтай. 2020-2023 оны хооронд 23 том төсөлд 500 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан байна” хэмээн ярилаа.
Т.Энхтуяа
Б.Чадраабал
АНЭУ, Дубай