БУЛГАН: Хөгжилд эмэгтэйчүүд чуулганд Булган аймгаас 83 төлөөлөл оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-12-04 13:20:18

Булган, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулсан “Хөгжилд эмэгтэйчүүд” зөвлөгөөнд 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн 1000 орчим эмэгтэй уригдан ирснээс Булган аймгаас 83 төлөөлөл оролцож байна.

 

Хөгжилд эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Булган аймгийн 15 сумын төлөөлөл болсон 83 эмэгтэй оролцож УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүн Ц.Анандбазар бүтээлч, манлайлагч эмэгтэйчүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

 

Зөвлөгөөний үеэр эмэгтэйчүүдийн манлайлал оролцоо хамтын ажиллагаа сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, уриалга гаргасан аж.


Хөгжилд эмэгтэйчүүд чуулганаар Хөгжлөөс хэнийг ч үлдээхгүй зарчмын хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүд, малчид болон бусад нийгмийн бүлгүүдийн наад захын эрхийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын зэрэгцээ хүн бүр айх аюулгүй амар тайван амьдрах нөхцөл бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёлын шийдвэр гаргах түвшинд тэгш оролцоог хангах хөгжлийн төлөө эмэгтэйчүүд хэрхэн хамтран ажиллах саналаа зөвлөлдөж, нийгмийн харилцаа, цахим сүлжээ, нийтийн орон зайд үзэл бодлоо соёлтой илэрхийлэх, бусдад хүндэтгэлтэй харилцах соёлыг төлөвшүүлэхэд манлайлах уриалга гаргасан байна.


1924 онд Азийн анхны эмэгтэйчүүдийн зөвлөл хороо болон үүсэн байгуулагдаж байсан Монголын эмэгтэйчүүдийн холбоо ирэх онд түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах болсныг зөвлөлийн тэргүүн Б.Оюунгэрэл албан ёсоор мэдэгдсэн байна.





Холбоотой мэдээ