ТӨВ: Нэгдсэн эмнэлэгт өнөөдрийн байдлаар 33 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-12-06 08:58:08

Зуунмод 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдрийн байдлаар 33 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр байдалтай 28, хүнд 4 хүүхэд байна.


Энэ талаар Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Д.Бадралгомбоос тодруулахад, “Төв аймгийн хэмжээнд амьсгалын дээд замын халдвар, риновирус, томуугийн А болон Б хүрээний вирусний өвчлөл зонхилж байна.


Өмнө жил Нэгдсэн эмнэлэг 1000 орчим хүүхэд хүлээн авч байсан бол энэ жил 800 орчим хүүхэд хүлээн авч тооны хувьд багассан хэдий ч өвчлөл илүү хүндэрсэн байдалтай байна.  


Энэ жилийн хувьд коронавирус, томууны вирусний халдвар хамт илэрч, ялгах шаардлагатай болж байна. Цаашлаад уушигны хатгалгаа, бронхиолит, ларенгит өгөх, үүсэн булчирхайн үрэвсэл болон хүндэрч байгаа. Хүүхдийн хүлээн авах 24 цагаар ажиллаж байгаа учраас эцэг, эхчүүд шинж тэмдэг илрэх үед эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.


Томуу, томуу төст өвчин нь амьсгал, агаар дуслын замаар халдварладаг учраас урьдчилан сэргийлж хүүхдэд амны хаалт зүүх, гарыг нь тогтмол угаалгаж байх хэрэгтэй байна” гэв.  


Аймгийн хэмжээнд 5148 иргэн томуугийн вакцинд хамрагдаад байна 


Холбоотой мэдээ