ӨВӨРХАНГАЙ: Улаанцутгалантын хүрхрээнээс улс, тив, дэлхийн аваргууд төрж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-08 09:34:32

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/.  Монгол орны хамгийн их устай, хамгийн өргөн хүрхрээ болох Улаанцутгалантыг үзэж сонирхохын тулд зөвхөн зуны улирлыг хүлээх шаардлагагүй. Учир нь тэнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор мөсөнд авиралтын цомын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. 


24 метрийн өндрөөс буух Улаанцутгалантын хүрхрээ өвлийн улиралд бүр ч илүү үзэсгэлэнтэй харагдана. Хүрхрээний өргөн нь тухайн зун, намрын үер усны байдлаас хамаараад 10-50 метрийн хооронд хэлбэлздэг.


Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж, түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урссаар хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага үүсгэжээ. Орхон гол Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэл 130 километрийн зайд тэрхүү хүрмэн чулуун хучлагыг хөрөөдөн урсах явцдаа Улаан голтой нийлж, чулуун хавцалаар сүр хүчтэйгээр цутган буусныг “Улаан цутгалантын хүрхээ” хэмээн нэрийдсэн.




Өвлийн улиралд мөсөн хана үүсгэн хөлдсөн эл хүрхрээний натурал төрх нь мөсөнд авиралтын экстрим спортыг сонирхогчид болоод мэргэжлийн уулчдад ур чадвараа сорих тэмцээн, өрсөлдөөнийх нь гол талбар болдог.


Тодруулбал, “Монголиа Экспедишнс энд турс” ХХК-иас Кarakorum ice festival” мөсөнд авиралтын цомын аварга шалгаруулах тэмцээнийг анх 2012 онд санаачлан зохион байгуулсан юм. Түүнээс хойш 11 дэх жилдээ 2023 оны 12 дугаар сарын 9,10-ны өдөр тус тэмцээнийг явуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.


Монголдоо анх Улаанцутгалантаас эхлүүлсэн мөсөнд авиралтын спорт энэ арван жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, олон арван клубүүд шил даран байгуулагдсаны зэрэгцээ Олон улсын цол зэрэгтэй тамирчдыг төрүүлсэн алдар гавьяатай. Чухам эндээс мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээний мөнгөн медальт хоёр, хүрэл медальт хоёр, Азийн аварга тамирчин нэг тус тус төрөн гарсан, мөн мөсөнд авирах хоббитой  залуусын тоо эрс нэмэгдэж байна гэдгийг “Монголиа Экспедишнс энд турс” ХХК-ийн захирал С.Алдархишиг хэллээ.




Мөсөнд авирах тийм ч амар биш. Тамирчид сүхээрээ мөс рүү зоон дээш авирна. Энэ үед гарын шууны булчин ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Авиралтаа дуусгахын тулд төмөр сүхээ амандаа зуугаад гараа амраана. Энэ үеэр мөс цуурах, багаж хэрэгслээрээ өөрийгөө гэмтээх тохиолдол ч гарна. Гэсэн ч тамирчид эрсдэлээс, хүйтнээс айхгүйгээр эгц ханан мөс рүү авирч өрсөлдөхийн зэрэгцээ бэлтгэлээ хангадаг. Үүний хүчинд манай тамирчид мөсөнд авиралтын төрлөөр тив, дэлхийн аварга тамирчидтай хэдхэн долийн зөрөөтэй өрсөлдөж чаддаг байна.


Кarakorum ice festivalмөсөнд авиралтын цомын аварга шалгаруулах тэмцээнийг жил тутамд 200-500 хүн үзэж сонирхдог бөгөөд дийлэнх нь нутгийн иргэд юм. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Франц Улсаас жуулчид ирдэг. Өвлийн аялал жуулчлал нь тусгай сонирхлын ба адал явдалт төрөлд багтах учраас жуулчид майхан барин хоноглох хүсэлтэй байдаг аж. Гэвч аялагч, жуулчдын тав тухтай байдлыг хангах үүднээс жуулчны баазууд, гэр буудлыг ажиллуулдаг. Энэ жилийн 100 гаруй аялагчийг хоноглуулах боломжтой гэсэн судалгааг Өвөрхангай аймгийн БОАЖГ-аас гаргаад байна.


Өвлийн аялал жуулчлалын энэхүү эвент үйл ажиллагаа нь дан ганц мөсөн авиралтаар хязгаарлагдахгүй. Иргэд, жуулчдыг оролцуулсан мөсөн шагайн харваа, олс таталтын тэмцээн болж, аваргуудыг шалгаруулдаг уламжлалтай агаад энэ жил ч зохиогдоно.

 

Кarakorum ice festival - 2023” мөсөнд авиралтын цомын аварга шалгаруулах тэмцээнийг мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн ангиллаар “хурд, цаг” гэх төрлөөр зохион байгуулах ба топ зэрэглэлийн тамирчид, сонирхогчид зэрэг 100 орчим хүн өрсөлдөнө. Тэрчлэн нутгийн иргэд өөрсдийн хийж үйлдвэрлэсэн хоол хүнс, цагаан идээ, бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.


Уулын спортын төрөл болох мөсөнд авиралтыг олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх, тамирчдын авиралтын ур чадварыг дээшлүүлж, тив, дэлхийн тавцанд өрсөлдөхүйц шилдэг тамирчдыг төрүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татаж, эдийн засгийн эргэлт бий болгох, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх гэхчлэн олон зорилгыг агуулсан тус тэмцээний үр дүн, ач холбогдол арвин юм.


Тэмцээнийг зохион байгуулахад БОАЖЯ, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Монголын уулчдын үндэсний холбоо зэрэг байгууллагаас хамтран оролцож, дэмжлэг үзүүлдэг бөгөөд орон нутгаас тамирчдын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, түргэн тусламж, онцгой байдал, цагдаагийн албан хаагчийг ажиллуулдаг ажээ. 







Холбоотой мэдээ