ДОРНОГОВЬ: Т.Одхишиг: Хадны зураг бол манай нутгийг олон улсад таниулах түүх соёлын брэнд үзмэр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-08 17:10:24

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хамгийн урд хил болох Хатанбулаг сум Монголын түүхийн он цаг тоололд гүнзгий мөрөө үлдээсэн төдийгүй Монголын алтан үеийн урлаг, соёлын олон сайчуудыг өлгийдсөн газар.


Монгол Улсын Ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжид, Монгол Улсын Ардын зураач, театрын анхны мэргэжлийн зураач Лувсангийн Гаваа, Монгол Улсын хурандаа генерал Сономын Лувсангомбоос эхлээд алдартнуудын цуваа үргэлжилнэ.


Түүхэн цаг үе хийгээд археологичдын судалгаа энэ сумыг XIV зуун буюу Батмөнх даян хаан, Мандухай сэцэн хатны үйл хэрэг тийш хөтөлж байна. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Соёл, спортын төвийн эрхлэгч Тэрбишийн Одхишигтэй өв соёлын талаар хөөрөлдлөө.


Түүний мэргэжил соёлын арга зүйч. Хөдөөд ховорхон мэргэжлийн эзэн төрсөн газар, хязгаар нутагтаа сууж өвгөдөөс үлдээсэн өв соёл, зан заншил, соёлын биет бус өвийг олноо түгээж, хойч үедээ уламжлуулан авч яваа түүнээс эх түүхээ хайрладаг, эх оронч сэтгэлийг олж харав.


Энэ салбарынхан аль нэг яамны харьяанд хавчуулагдан цалин багатай ажилладаг хэдий ч өөрт оногдсон ажлаа өнөөг хүртэл амжилттай хийсээр ирсэн их үйлсийн эзэд юм. Тэрбээр соёлын ажилтнаас гадна ардын дуу дуулдаг соёлын биет бус өвийг тээгч.


-Таны бага нас хийгээд соёлын ажилтан болсон талаар яриагаа эхлэх үү?  

-Хүүхэд насандаа ардын дууг сонсож өссөн. Сумын соёлын төвийн эрхлэгчээр 21 жил тасралтгүй ажилласан Цэнддоогийн Цэцэг гэдэг урлаг соёлын авьяастай эрхэм сайхан хүн байлаа.Тэр хүнээс дуулах талаар өвлөж авсан.

Хүүхэд байхдаа л соёлын төвийн ажилд оролцох дуртай.Соёлын төвийн хаалгаар ороход л Цэцэг эгч маань дуулж хуурдаж байдагсан. Ингэж дуулж сурах юмсан гэсэн битүүхэн бодол төрдөг байв. Удалгүй тэр хүнээр ардын дуу дуулж сурахыг анх заалгасан. Цэцэг эгч “Чи ардын дуугаа дуулж сур” хэмээн загнаад л заадаг байлаа. Үүнээс хойш 2017 оны үед аймгийнхаа “Саран хөхөө” театрын уртын дуучин Ч.Цэрэндэжид багшдаа шавь орсон. Хамгийн муу шавь нь би байх. Ажил ихтэй учир уртын дуугаа дуулах зав гарахгүй юм.


-Дараа нь СУИС-д суралцсан байх аа?

-Уг нь кино драмын жүжигчний ангид элсэн нэг жил орчим суралцаж байгаад нутгаас санаад буцаад харьчихсан. Гэртээ байх хугацаанд 2007 онд орон нутгаас Соёлын төвийн бүжгийн багшаар ажиллах санал тавьсны дагуу соёлын салбарт ажиллах боломж гарсан. Дараа нь 2016 онд СУИС-д соёлын арга зүйч мэргэжлээр эчнээгээр сурч төгссөн. Энэ сургуулиас би маш их зүйлийг сурч авсан. Ажиллаж байгаад очсон учраас надад маш их дөхөм байсан.


-Урлагийн авьяас удам дагах нь түгээмэл байдаг?

-Манай удамд ээжийн талын хүн болох ардын дууг сайхан дуулдаг Пил гэдэг хөгшин байсан гэж аав маань ярьдаг байлаа.Тэр хүн Дарьганга гаралтай байжээ. Гэтэл Монгол Улсын Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ дуучны удамд Пил хэмээх сайхан хоолойтой дуулдаг хүн байсан гэхийг сонссон. Чимэдцэеэ дуучин маань Дарьгангын хүн. Юмыг яаж мэдэхэв дээ, онц цагийн тоолол нь таарах юм бол тэр хүний удам угсаа тараад явж байдаг юм болов уу гэж бодох.   


-Соёлын биет бусын өвийн хүрээнд Та ардын дууг голчлон дуулж байсан?


-Тийм ээ. “Талын таван толгой” хэмээх сайхан дууг дуулах гэж оролддог. Гэтэл энэ дууны хууч домог нь мөн л манай сумтай холбоотой байх. Тэр тусмаа нутгийн ардын дуу байх магадлалтай. Учир нь нэгэн сайхан залуу манай нутагт хүргэн болж ирээд хугацаагүй цэргийн албанд явжээ. Манай нутагт Талын таван дагина гэдэг овоо байжээ. Харин үүнээс улбаалаад Талын таван толгой гэсэн нэршилтэй болсон гэх яриа байна. Гэхдээ газар бүр түүхийг өөрөөр ярьдаг.

2015 онд Өвөрмонголын Хорчин аймагт ардын дууны уралдаанд оролцсон. Гэтэл Өвөрмонголчууд манай монгол ардын дуунуудыг Хорчин ардын дуу гэж олон удаагийн уламжлал болгож наадам, тэмцээн зохион байгуулж дуулж байсан.

Гэтэл монголчууд өөрсдөө очиж оролцоод дуугаа дуулаад байхаар нь би ихэд гайхсан.


Бас хармын сэтгэл төрсөн. Яагаад бид өөрсдийнхөө өв бүтээлийг Өвөрмонголд Хорчин ардын дуу гэж хүлээн зөвшөөрөөд дуулаад байгаа юм бол. Яагаад бид ардын дуугаа хүнд зүгээр хоол болгоод өгч байгаа юм бэ.


Миний мэддэг бүх л ардын дууг тэнд дуулж байсан. Бид өөрсдийнхөө бүтээсэн ардын дууг хууч домог, аман яриатай нь авч үлдэхгүй юм бол харийн хоол болж байна. Дараа нь би нутгийнхаа хил залгаа Өвөрмонголын урд хошуутай нийлээд “Монгол ардын дуу минь уу зээ” гэсэн уралдаан зарлаж хоёр жил дараалан зохион байгуулахад “ковид” гарсан. Бид Өвөрмонголчуудыг нутагтаа авчраад яагаад дуулуулж болохгүй гэж гэсэн бодлоор энэ уралдааныг зохион байгуулж байлаа.      

 -Ярилцлагын дараагийн сэдэв рүү шилжье. Танай нутаг аймгийн хэмжээнд түүх, соёлын хамгийн их дурсгалтай сум. Үүнээс ярих  уу?

-Тэгэлгүй яахав. Нутаг маань түүх соёлын дурсгалт газар болон байгалийн тогтцоосоо эхлээд бусад сумаас онцлог. Хатанбулаг сумын хэмжээнд түүх, соёлын  үл хөдлөх 137 газрын 867 дурсгал бий. Өөрөөр хэлбэл манай нутаг Дорноговь аймгийн хэмжээнд хамгийн олон түүх соёлын өв, үл хөдлөх дурсгалтай. Нарийвчлан тоолж гаргаагүй ч барагцаалбал 15 газрын 800 гаруй хадны сүг зураг байгаа гэж судлаачид, археологичид үздэг.


-Соёлын биет бус өвийн хувьд бусад сумаас юугаараа ялгаатай вэ?

-Эрт үед манай нутгаар Харчин өртөө дамжиж баруун зүг Ховдын Хязгаар хүртэл явж байжээ. Манай нутгийнхныг харчин хүмүүс гэж ярьдаг. Өртөө залгуулж байсан хүмүүс л дээ. Нутгийн биет бус өвийн нэг онцлог бол мартагдсан аман зохиол, дуу хуур, хууч яриа. 2022 онд аймгийн Засаг даргаас дэмжлэг аваад угсаатан зүйн судалгаа хийсэн. Харчин өртөөний дагуу биет бус өвийн домог хууч яриаг нийт 50 гаруй хүнээс судлахад 99 настай нэгэн буурал хоёр арслангийн талаарх сонирхолтой түүх хуучилсан. Энэ яриаг аудио бичлэг болгон хадгалсан.


-Ямар утгатай домог яриа вэ? 

-Эрт үед говь нутагт нэгэн алдартай анчин байж. Анчин хийсэн нүглээ бодон бурхан багштай уулзахаас зүрхшээдэг байлаа. Гэтэл нэг өдөр бурхан багштай таарчихав. Бурхан багш “Би чамд гурван зүйл захиж үлдээе. Миний хэлснийг биелүүлж явбал хийсэн нүгэл чинь нимгэрнэ. Цагаан арслангийн мах битгий идээрэй, цагаан зандан мод битгий хугалаарай, зүүн хойшоо харсан нүхэнд битгий ороорой” гэжээ. Гэтэл нутгийн нэгэн Ноёны хатан өвдөж гэнэ.


Хатныг эдгээхийн тулд цагаан арслангийн сүү хэрэгтэй болов. Ноён анчдыг цуглуулж цагаан арслангийн сүү авчир гэж тушаав. Олон хоног өлсөж ядарсан анчид цаст өндөр уулсаар явж байтал арслангийн найман цагаан зулзага тоглож байгаатай таарав. Анчид амиа зогоохын тулд өнөөх зулзагануудыг алаад иджээ. Идэхдээ цагаан зандан хугалж махыг нь шарж идэж гэнэ. Харин өнөөх анчин Бурхан багшийн захиасыг санаж  энэ хэрэгт огт оролцсонгүй.


Гэтэл найман зулзаганы эх нь ирж анчдыг барьж идэхээр ухасхийтэл анчид зүүн хойшоо харсан нүх рүү шургаад орчихов. Харин нөгөөх анчин мөн л орсонгүй. Арслан анчдыг нэг бүрчлэн барьж идээд гарч ирэхдээ өнөөх анчинд хандан ”Чи яагаад надаас зугтахгүй хоцров” гэхэд нь “Би бурхан багшийн хэлснээр цагаан зандан мод хугалаагүй, цагаан арслангийн зулзаганы мах идээгүй, зүүн хойшоо харсан нүхэнд ороогүй” гэв. Чи намайг бурхан багшдаа уулзуул, би түүнээс найман зулзагаа авъя гэв. Ингээд өвгөн анчин  цагаан арсланг унаад бурхан багштай уулзахаар нутагтаа ирж гэнэ.

Гэтэл бурхан багш өмнөөс нь гурилаар найман замбай зуураад арслангийн өөдөөс нь гүйлгүүлэв. Цагаан арслан 

“Эрхэм сайхан буянтай хүнд өөрийнхөө хоёр үрийг өгье. Таны үүдийг мөнхөд сахиж яваг” гэжээ. Ингээд өөрийнхөө сүүг өгч хатныг эдгээгээд Цаст Гималай уулнаа буцсан домогтой. Энэ домгоос үүдэж бурхан багшийн өргөө, сум дуганы үүдэнд хоёр арслан байдаг болсон гэх домог байна.


Бид үүнийг хүүхэд багачуудадаа таниулахын тулд үлгэрийн агуулгатай контент болгохоор ажиллаж байна. Хоёр арслангийн тухай хууч яриаг мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар хоолойн бичлэгт оруулсан. Зургаа үлгэрийн байдлаар зурж эвлүүлэг хийх ажлыг энэ жилдээ багтааж чадвал олон нийт хүүхэд багачуудад хүргэх  төлөвлөгөөтэй.


-Огт сонсож байгаагүй сонирхолтой түүх байна?

-Тийм ээ, энэ түүхийг манай сумын өндөр настан ярьсан гэдэг нь хамгийн чухал. Тэгэхээр говь нутгийн үүх түүх, үлгэр домог, биет бус өв соёл цаглашгүй байх нь. Говь нутаг тайлагдаагүй оньсого хэвээрээ. Үүнээс гадна ангийн уриа дуудлага дууддаг, ингэ хөөсөлдөг арга ухааныг өвлөсөн гээд соёлын өв үргэлжилнэ. Гэхдээ өв тээгч нар цөөрчихлөө. Ингэ хөөсөлж, хонь тойглох нь манай нутгийн баруун зүүн хэсэгт өөр өөр хэв маягтай. Бид “Язгуур өв” соёлын наадмыг ядаж хоёр жилдээ нэг удаа сумандаа зохион байгуулж хэвшвэл соёлын өв тээгчдийг нээн илрүүлж, хойч үедээ уламжлуулан үлдээх боломжтой.


-Бас нэгэн сонирхолтой зүйл нь танай нутгийн үл хөдлөх дурсгалын дотроос хадны сүг зураг томоохон байр суурь эзэлдэг. Хадны зураг тухайн үеийн нийгмийн байгуулал, үйл явдлыг тод харуулдаг?

-Хадны сүг зураг бол маш их өв соёлыг өгүүлдэг. Бидний өвөг дээдэс ийм соёлтой, тийм уламжлалтай, ингэж аж төрж байсан шүү гэдгийг зураад үлдээчихсэн. Тийм учраас хадны зургийг хүүхэд багчуудад ойлгуулах,тэдний мэдлэгийг тэлэх, өвгөд дээдсээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулж байна.


-Тухайлбал, Хатанбулаг сумын нутгаас олдсон хадны зургуудаас ямар он тооллын үеийн үйл явдлыг харж болох вэ?

Он цагийн хувьд хуучин чулуун зэвсгийн үе шинэ чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе, Хүннү гүрний үе. Түрэгийн үе. Манжийн үеийг хамаарч байна.

Жишээ нь Хүннү гүрний үе нь манай тооллын өмнөх III зуунаас манай тооллын II зуун буюу одоогоос хоёр мянган жил. Цаашлаад манай тооллын VI зуунаас VIII зууны үеийн түүхэн онц цагийг ч тольдож болно.

Нэг жишээ дурдахад, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, археологич Б.Очирын сонирхолтой тайлбараас дурдъя.

Бид ч зарим ажилд нь хамт явж байлаа. 2020 онд манай сумын нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хайгуулыг хийх явцад хадны зургийн нийт 17 дурсгалт газар бүртгэсэн. Үүнээс хадны зургийн тоо хэмжээ, өгүүлэмж, он цагийн залгамж чанарыг хадгалснаараа дөрвөн дурсгалт газар нь эртний уран зургийн бүхэл бүтэн галерейн хэмжээнд зүйрлэхээр гэсэн байна лээ.

Өмнөх бүртгэлийн ажлаар тухайн ажлын зорилго, цаг хугацаанд хязгаарлагдан хадны зургийн дурсгалт газруудын байршлыг тэмдэглэн нүдэнд туссан зарим дүрслэлүүдийн зургийг авч гүймэг баримтжуулалт хийсэн байдаг. Тийм боловч балар эртний чулуун зэвсгийн үеэс эхлэн тасралтгүй залгамжтайгаар үйлдэж байсан янз бүрийн сонирхолтой дүрслэлүүд тохиолдож байгааг тэмдэглэсэн байдаг.


-Түүхийн олон он цаг үеийн гэрч болсон хадны зургаар үзэсгэлэн гаргаж байсан санагдана?  

-Соёлын яамнаас чулуун соёлын хөтөлбөр хэрэгжүүлж байлаа. Бид говийн хадны зургийн судалгааг хийгээд “Хадны зургийн гайхамшиг” гэрэл зургийн үзэсгэлэнг 2020 онд дэлгэж олны хүртээл болгож байсан бол дахин шинэчилж “Их говийн нууц” хэмээх үзэсгэлэнг дэлгэхэд бэлэн болсон.

Үзэсгэлэнгээ бид Хатанбулаг сум байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд 2024 онд Улаанбаатар хотноо дэлгэж сумынхаа түүхэн ойг хадны үзэсгэлэнгээр эхлэхээр төлөвлөж байна. Ер нь хадны сүг зургаа олонд таниулж, энэ үзмэрээ брэнд болгох хүсэл эрмэлзэл байгаа. Яагаад бид хадны зургаа шингээсэн сайхан ороолт хийгээд олон улсад гаргаж болохгүй гэж боддог шүү.


-Орон нутгийн музейн үзмэрүүдээс онцлох уу?

-Сумын музей нийт 83 дэсийн 107 үзмэртэй.1976 онд сумын орон нутаг судлах музейг анх байгуулахад иргэдийн гар дээр байсан үзмэрүүдийг хандив хэлбэрээр цуглуулж байсан. Гол төлөв шашин соёлын эд өлгийн зүйлүүд бий. Чулуун зэвсгийн үеийн үзмэрүүд хийгээд амьтны чихмэлийг харуулсан тусгай танхимтай.

 

-Соёлын төв орон нутгийнхаа онцлог, өв соёлын талаар тодорхой судалгаа хийсэн гэж сонссон. Энэ тухай дэлгэрүүлж яривал?

-Манай хамт олон түүх соёлын үл хөдлөх болоод биет бус өвийн талаар 2016 оноос хойш дагнан ажиллаж байна.


Өөрөөр хэлбэл үл хөдлөх дурсгал дээр архелогийн судалгаа, биет бус өв дээр угсаатан зүйн судалгаа хийж, үл хөдлөх буюу музейн ажлын хувьд музейгээ 3D хэмжээст хувилбар руу шилжүүлэх ажлыг гүйцэтгэлээ. Ийм том гурван ажлыг цогцоор нь хийсэн Монгол Улсын хэмжээний анхны  сум гэж бодож байгаа.


Уг нь 3D хэмжээст 56 үзмэрээ оруулсан боловч зарим нь шаардлага хангаагүй учраас 12 үзмэрийг оруулчихаад байна.  Археологийн хүрээлэнтэйгээ хамтраад тайлбар, утга агуулгатай цогц байдлаар үзмэрээ гурван талаас нь бодит байдлаар видео хэлбэрээр хийж энэ жил хилийн застав хийгээд хөдөөгийн багийн иргэд гээд нийт 350 гаруй хүнд үзүүлээд байна.  Анхных учраас алдаа байсан байх. Гэхдээ бид музейн үзмэрээ 3D хэлбэрт оруулсан нь бидний хувьд томоохон амжилт байлаа.


-Хатанбулаг сум гэхлээр. Домогт Эргэлийн зоо, Сулинхээр хээр гэж ярьдаг. Гэтэл сүүлийн үеийн судалгаа шинжилгээний бүтээлээс үзэхэд танай сум  Монголын түүхэнд товойн гарсан домогт Мандухай хатны үйл хэрэгтэй холбогдож байна?

-Тийм ээ.  Манай сумынхан Хатны булгийг Чингис хааны хатны түүхтэй холбогдуулж ярьдаг хууч домог яриагаар явж ирсэн. Гэтэл археологичдын сүүлийн үеийн судалгаагаар нэгэн булшийг судалж үзэхэд 1400-гаад оны үед амьдарч байсан Мандухай сэцэн хатны түүхэн үйл явдалтай холбоотой шаазан аяга гарсан. Үүнээс улбаалж түүхийн сонин өнцөг, үйл явдлын сэжим гарч байна. Үүнээс гадна нэг сонин зүйл нь эрт дээр үед манай нутагт нэгэн хаан байжээ. Түүний орд өргөө хүрээ босгосон газар байдаг тухай бүдэг бадаг хууч яриаг нутгийнхан ярьдаг.


Сумаас баруун хойшоо Халив багийн нутагт баруун Хасар, зүүн Хасар гэх уул бий. Археологичдын судалгаагааг энэ уул эрт үед Хасарантайн зоо гэх нэртэй байгаад түүхэн хөгжлийн явцад баруун, зүүн Хасар болсон байж магадгүй гэдгийг ярьж байна. 1980, 90-ээд оны үед тэндээс сумны зэв их олддог байж. Тиймээс энэ газар ямар нэгэн томоохон үйл явдал болжээ гэдгийг архелогич С.Өлзийбаяр ярьж, энэ талаар судалгааны ажлыг хийхээр манай суманд ирсэн.


-Батмөнх даян хааны орд өргөө Хангайн уулаас урагш говьд шилжиж байсныг түүхчид тогтоосон. Дээрээс нь Мандухай хатны үйл хэргийг гэрчлэх баримтуудыг судлаачид гаргаж тавилаа. Архелогичдын судалгаа ч говь нутаг руу хандаж байна?

-Баруун аймгийн хөөмий, бий биелгээ, дуу хуур гээд бусад соёлын биет бус өвийг судлаачид цөөнгүй судалжээ. Гэтэл Монголын говь судалгааны эргэлтэд ороогүй байгааг эрдэмтэд ярьж, бичиж байна. Энэ уудам говьд ямар үнэтэй өв эрдэнэ байгааг төдийлэн мэдэхгүй. Магадгүй Мандухай хатны үеийн түүхэн онц цагийг илтгэх хатны дээл хувцас Монголын говиос олдвол энэ нь манай нутгийн брэнд л болно шүү дээ. 


-Соёлын биет болон биет бус өвийг эргэлтэд оруулах талаар салбарын яам ярьж байна. Энэ нь давхар ашиг орлого олох эдийн засгийн ач холбогдолтой гэж ойлгож байгаа? 

-Соёлын биет болон соёлын биет бус өвийг яаж соёлын эргэлтэд оруулах вэ гэсэн бодлогыг Соёлын яамнаас тавьж байгаа. Уул уурхайгаас биш соёлын өвөөрөө яаж мөнгө олох вэ? Гэтэл бидэнд маш их өв соёл байна.

Энүүхэн урд хилийн цаана Чингис хааны тухай маш том музей байгуулж Чингис хаан энэ газраас уургаа тулаад мордсон  гэх агуулгатай хөшөө баримал ч  хийгээд амжиж. Яг үнэндээ уургаа тулаад мордсон газар гэдгийг хэн баталсныг мэдэхгүй.  Зүгээр л домог хууч яриагаар музей байгуулаад мөнгө олж буй. Гэтэл бидэнд түүх, түүхэн газар нутаг, биет бус бөв гээд бүх юм байгаа атал үүнийг соёлын болоод эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа юм. Энэ зүйлийг эргэлтэд оруулахын төлөө чадах бүхнээ хийж ажиллаж байна.


-Соёлын төвд хэдэн хүн ажиллаж байна?

-Манай Соёл, спортын төвд одоогоор хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, орон нутаг судлах танхимын ажилтан, эрхлэгч, үйлчлэгчийн орон тоотой ажилладаг. Орон тоо бага ч гэлээ бид шалтаг шалтгаан тоочилгүй соёлын ажлыг орон нутагтаа чадах хэмжээгээр хийж байгаа.


-Соёлын ажилтнуудыг бүжиг явуулдаг, дуу дуулдаг хэдэн хүн гэж өнгөц харах нь бий. Зарим хүмүүс хөдөөд соёлын төв байх хэрэгтэй ч юм уу гэдэг. Таны санал бодлыг сонсъё.

-Таны асуусан шиг хүмүүс соёлын ажлыг нэг л өнцгөөс хараад байна уу даа. Тайзан дээр дуулж бүжиглэдэг, эсвэл арга хэмжээ хөтөлдөг... гээд л. Гэтэл бид соёлын хөдлөх болоод үл хөдлөх дурсгалуудыг анхан шатнаас нь бүртгэлжүүлж,  хадгалж хамгаалж, шинээр эрэн сурвалжилж олж илрүүлэн дурсгалыг баяжуулах гээд олон ажлыг хийдэг.

Мөн соёлын биет болон биет бус өвийг уламжлуулан хойч үедээ үлдээх, шинээр баримтжуулах, олон нийтэд сурталчлах ажлыг цаг наргүй хийдэг. Өөрөөр хэлбэл бид урлаг соёлын ажлаас гадна өв соёлыг түгээх дэлгэрүүлж, хадгалж хамгаалдаг. Хүмүүс Соёлын төвийг цоожтой байна гэж ярих нь бий. Бид өдөр бүр ширээний ард комьютер ширтэж суудаг хүмүүс биш. Гарч хөдөөгүүр явж, булш бунхан судалж, малчин айлаар орж ардын үг зохиол, аман яриаг бүртгэлжүүлж авдаг ажилтай л даа.

Бид хаанаас гаралтай, юу хийж, яаж амьдарч ирснийг бидний өвгөд дээдсийн буй болгосон түүх соёл, уламжлал, зан заншил харуулдаг. Соёлоо мэдэхгүй бол бид ямар ч үнэ цэнгүй байх болно. Тэгэхээр энэ бүгдийг соёлын ажилтнууд л иргэдэд түлхүү түгээдэг юм шүү. Бидний ажлыг иргэд олон нийт маш сайн ойлгоосой гэж боддог. 

-Сумдын соёлын төвд мэргэжлийн боловсон хүчний нөөц хэр байна?

-Нэг үеэ бодоход соёлын ажилтны орон тоо сумдад бололцоотой боллоо. Гэтэл энд ажиллах боловсон хүчний дутагдал хэвээрэй. Манай суманд хөгжмийн багш, бүжгийн багш алга. Боловсон хүчнийг  хэрхэн дэмжиж хөдөөд ажиллуулах вэ гэдэг том асуудал. Ажиллах боловсон хүчний нөөц байхгүй тул өнөөх хэдэн хүн нэгнийгээ нөхөж ажилласаар сүүлдээ стресс, ядаргаанд орох нь энүүхэнд.

Хөдөөгийн хилийн алслагдсан суманд очиж ажиллах хүнийг бодлогоор төлбөрийг нь дааж сургах, сурч төгсөөд ирэхэд нь амьдрах нөхцөл бололцоог шийдэх, цалин хангамжийг нь нэмэгдүүлэх  гээд төр засгийн хэмжээнд бодлогоор шийдэх ажил байна. Нөгөө талаар соёл урлагийн чиглэлээр төгссөн залуус хөдөө очиж ажиллах дургүй. Яагаад гэвэл соёл урлаг төвд байна гэж үздэг.


-Бидний яриа өндөрлөх дөхөж байна. Монгол Улс соёлын яамтай болсон. Соёлын салбарт ажилладаг хүний хувьд ямар өөрчлөлт гарч байгаа бол?

-Нэгэн үе манай салбар эзэнгүй шахуу байсан. Аль нэг яаманд хавсарга мэтээр харьяалагддаг, үгээ хэлэх газар ч хомс байлаа. Өнөөдөр эзэнтэй болж байна. Үүнийг дагаад хариуцлага нэмэгдэж байгаа. Соёлын төвүүдэд тавигдах стандарт батлагдлаа. Стандартын дагуу нэг соёлын төв 15 орчим хүнтэй ажиллах нөхцөл бүрдсэн. Бид өмнөхөөс илүү орон тоотой, өргөн цар хүрээнд ажиллах боломж гарч байна. Гэтэл боловсон хүчин, орон тооны асуудал хэвээрээ.


-Соёлын ажилтнуудын цалин хангамж хэрхэн нэмэгдсэн бэ?

-Манай салбарын ажилтнуудын цалин хангамж өмнөхөөсөө нэмэгдэж байгаа ч хамгийн доод цалин авдаг нь хэвээрээ. Өөрөөр хэлбэл соёлын өвийг хамгийн их түгээдэг хүмүүс хамгийн бага цалин авч байгаа. Гэхдээ цаашдаа сайхан болох байх аа. Соёлын ажилтнуудын хувьд энэ жилээс боломж гарч байна. Учир нь үр дүнд суурилсан санхүүжилтийг Соёлын яамнаас хэрэгжүүлж эхэлсэн.

Хэн юу хийж чадна, тэр хүн  илүү мөнгө авна. Сумын Соёлын төвүүд хамгийн сайн ажиллалаа гэж үзэхэд 30 сая төгрөг авах боломжтой. Хийсэн ажлыг нь дүгнээд дээрх мөнгөөс хувилж зохих хэмжээний урамшуулал хүртээнэ гэсэн үг. Соёлын яамнаас гаргасан журмын дагуу ажилчдын нийгмийн баталгаа, цалин, уран бүтээл, судалгааны ажилд тодорхой хувиар хувилж зарцуулах боломжтой.  

Ярилцсанд баярлалаа, танд ажлын амжилт хүсье.

Холбоотой мэдээ