ЗАВХАН: Арц суурийн боомтоор 10 мянга гаруй хүн зорчжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-12-13 16:54:43

Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Тус аймгийн Арц суурь дахь хилийн боомтоор өнөөдрийн байдлаар нийт 10600 гаруй хүн зорчжээ.

Нийт зорчигчдын 70 хувь нь гадаад, 30 хувь нь монгол хүн зорчжээ. Харин 2900 орчим тээврийн хэрэгсэл боомтоор зорчиж 545.2 тонн ачаа тээвэрлэсэн байна. Хоёр талын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай авто боомтоор ОХУ-аас ихэвчлэн хүнсний болон ахуйн бараа материал, бичиг захидал, шуудан орж ирдэг. Харин Монголоос мах, малын гаралтай түүхий эдийг экспортолдог гэж Арц суурийн хилийн боомтоос мэдээлэв.   


Арц суурийн боомт нь боомтын сэргэлтийн хүрээнд, Завхан төдийгүй баруун аймгууд ОХУ-тай хамгийн дөт замаар худалдаа эрхлэх боломжтой. 

Тус боомт нь ачаа, тээврийн урсгал бүхий нэг замтай, жилд 200 орчим сая ам.долларын ачаа барааны эргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.


Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зорилтын хүрээнд тус аймагт Арц суурь-Шивээ хүрэн чиглэлийн 1255 км төмөр замын бүтээн байгуулалтын төсөл хэрэгжих юм. Ингэснээр боомтын зэрэглэл нэмэгдэн, ачаа тээврийн нэвтрэх урсгал эрс сайжирна.


Гадаад харилцаа, аялал жуулчлал, хилийн худалдаа нэмэгдэж иргэдийн амьжиргаа болон аймгийн эдийн засагт томоохон ахиц гарах юм. Мөн Нөмрөг-Улаангом чиглэлийн “А18” дугаартай автозамаас Арц суурь хилийн боомт хүртэлх 159.5 км хатуу хучилттай автозамын ТЭЗҮ болон зураг төсөл нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байна.


Монгол улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд аймгуудыг авто замаар холбох, хилийн боомт чиглэсэн авто зам барихад анхаарч байгаа. Улиастай-Алтай сумыг холбох 198 км авто замын төслийг ирэх оноос эхлүүлэн тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа, зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах юм гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ