БАЯНХОНГОР: "Хос бичигтэн Төрийн байгууллага"-аар аймгийн Цагдаагийн газар шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. "Хос бичигтэн Төрийн байгууллага" шалгаруулах болзолт уралдааныг аймгийн хэмжээнд хагас жилийн хугацаанд зохион байгуулж, дүнгээ гаргалаа.
Монгол Улсын Засгийн газрын 96 дугаар тогтоолоор баталсан "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3" үйл ажиллагаа, аймгийн Засаг даргын 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн А/273 дугаар захирамж, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны ажлын төлөвлөгөөний хүрээнд төрийн болон төрийн өмчит байгууллагуудын дунд тус уралдааныг зарласан байна.
Болзолт уралдааныг гурван үе шаттайгаар зохион явуулсан бөгөөд нэгдүгээр шатанд 100 гаруй байгууллага оролцож, шалгуур үзүүлэлтийн дагуу үлдсэн байгууллагаас сүүлийн шатанд 18 байгууллага шилдгийн төлөө өрсөлджээ. Шалгуур үзүүлэлтийг амжилттай хэрэгжүүлсэн эхний гурван байгууллага, 2 сумын удирдлагыг Батламж, мөнгөн шагналаар урамшуулахад,
Тэргүүн байр - Аймгийн Цагдаагийн газар
Дэд байр - Орон нутгийн өмчийн газар
Гутгаар байр - Баянхонгор сумын ЗДТГ
Тусгай байр - Баянцагаан сумын Хэлний бодлогын салбар зөвлөл
Тусгай байр - Жаргалант сумын Хэлний бодлогын салбар зөвлөл тус шалгарсан байна.
Уралдаанд тэргүүлсэн байгууллагуудын хувьд албан бичиг, өрөөний хаяг, нэрийн хуудас, сошиал хаяг, ажлын байрны мэдээллийн самбар зэргийг монгол, крилл хос бичгээр бичиж хэвшсэнээс гадна монгол бичгийн чиглүүлэгч багшийг гэрээгээр ажиллуулж, эх бичгийн мэдлэг чадвараа дээшлүүлжээ. Аянд оролцсон нийт байгууллагын алба хаагчдын монгол бичгийн чадвар анхан шатнаас дунд, дундаас ахисан шат руу дэвшсэн үр дүнтэй ажил болсныг байгууллагууд удирдлагууд онцолж байв.
Үндэсний бичиг үсгээ сурч эзэмших, хэрэглээ болгох, орчинг бүрдүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилготой тус уралдаан ирэх онд боловсролын байгууллагынхны дунд өрнөх аж.