Японд анх удаа хиймэл оюун ашиглан тархины дохионд тулгуурлан зураг бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-12-18 09:44:17

ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /Kyodo/. Японы Квантын шинжлэх ухаан технологийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд дэлхийд анх удаа генератив хиймэл оюун ашиглан хүний тархинаас ирж буй дохионы боловсруулалтад тулгуурлан зураг бүтээх технологийг боловсруулжээ.


Судлаачид эхлээд туршилтад оролцогчдод янз бүрийн зургуудыг үзүүлж, тархины дохиог бүртгэж авчээ. Тэдэнд 1200 орчим өөр өөр зураг үзүүлсэн бол тархины үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхдээ функциональ соронзон резонансын дүрслэл ашиглажээ. Харин үзүүлсэн зургуудыг хиймэл оюун ухааны мэдээллийн санд оруулж, тэдгээрийг тархины дохиотой холбож сурах даалгавар өгсөн байна.


Хүний харсан зургийг тархины дохионд тулгуурлан сэргээн бүтээх боломжтой болохыг өмнө нь явуулсан судалгаагаар баталсан билээ. Гэсэн хэдий ч энэ туршилтаас өмнө зөвхөн цөөн тооны зургийг л хуулбарлан бүтээх боломжтой байв. Харин Японы эрдэмтэд өмнөх ололтуудад тулгуурлан тархины дохиог тоон утга болгон хувиргадаг программыг бүтээж, дараа нь сургасан мэдрэлийн сүлжээг ашиглан зураг хэлбэрээр дахин бүтээжээ.


Туршилтын үеэр бодит дүрслэлд хамгийн дөхөж очсон нь ирвэсийн хуулбарлан бүтээсэн зураг байсан бөгөөд ам, чих, толботой арьсны өнгө нь тод зурагдсан байв. Онолын хувьд, энэхүү технологийг ашиглан харилцаа холбооны төхөөрөмж бүтээх, түүнчлэн хий юм харах, зүүд бий болдог шалтгааныг судлах боломжтой гэнэ. 

Холбоотой мэдээ