Газын зурвас руу Израилын боомтоор тусламж нэвтрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-12-18 15:21:30

ИЕРУСАЛИМ, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /CNN/. Израилын Керем-Шалом боомтоор тусламж ачсан машинуудыг Газын зурвас руу ням гарагт нэвтрүүлсэн тухай Израилын холбогдох албанаас мэдэгджээ. Уг боомт нь ХАМАС-ын дайралтын дараа буюу 10 дугаар сарын 7-ноос хойш хаагдаад байсан юм.


Баруун эрэг дэх Израилын засгийн газрын үйл ажиллагааг зохицуулах албаны /COGAT/ мэдэгдэлд дурдсанаар, өчигдөр Газын зурвас руу тусламж ачсан нийт 201 машин нэвтэрсний 79 нь Керем-Шаломоор дамжин нэвтэрсэн байна. COGAT өмнө нь хийсэн мэдэгдэлдээ, Керем-Шаломоор Газын зурвас руу ачааны машинуудыг нэвтрүүлэх алхам нь тус зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж онцолжээ.


Хүмүүнлэгийн тусламжийн ачааны машинуудыг Керем-Шалом боомтод шалгахыг зөвшөөрсөн шийдвэрийг Израилын Засгийн газар 10 дугаар сарын 7-ноос хойш анх удаа өнгөрсөн долоо хоногт гаргасны дараа дээрх мэдэгдэл гарсан байна. Тусламжийн машинуудыг Газын зурвас руу яаралтай шууд нэвтрүүлэхийн тулд Керем-Шалом боомтыг дахин нээхийг АНУ-ын Засгийн газар Израилын талд уриалсаар байсан юм. Гэхдээ тус зурвас руу нэвтэрч буй тусламжийн хэмжээ дайны өмнөх үеийнхтэй харьцуулахад тэн хагаст нь ч хүрэхгүй байгааг НҮБ мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ