ГОВЬ-АЛТАЙ: Баатарлаг "Жангар" туулийг 1300 туульч хоёр өдрийн турш хайлна
ӨВ СОЁЛЕсөнбулаг 2023 оны арван хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Арван хоёрдугаар сарын 21, 22-нд Алтай хотноо болох "Туульсын хаан Жангар-2023" хүч эрчмийг хураах үйл ажиллагаанд 1300 туульч Жангар туулийг хоёр өдрийн турш хайлна.
Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан "Монгол Жангар хайлах" өвийг сэргээх, хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор уран зохиолын оргил гэгдэх "Баатарлаг Жангар" туулийг 1300 туульч хайлах арга хэмжээг Говь-Алтай аймагт хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 1300 туульч хүүхдийг бэлтгэн туулийн 17 бүлгийг хайлах бөгөөд Алтай ятга, Морин хуур, Товшуур зэрэг хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулах юм.
"Жангар" тууль хайлах үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар санаачлан 2023 оны хоёрдугаар сард анх удаа Алтай хотноо зохион байгуулж байсан бол ийнхүү энэ сарын 21, 22-нд хоёронтоо хайлж өв соёлоо түгээн дэлгэрүүлж, байгаль дэлхийгээ аргадах аж.
Туульс хайлах үйл ажиллагааны хүрээнд говийн тэмээчид баяраа тэмдэглэж байгаа нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх хэл, ёс заншил, уламжлалаа дээдлэн, гар голомтоо бадраан тахиж, тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчдийг алдаршуулах, гадаад, дотоодын жуулчдыг татах чухал ач холбогдолтой юм хэмээн холбогдох албанаас танилцууллаа.