УИХ дахь АН-ын бүлэг дахин гурав хоногийн завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-22 15:47:18

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.


Чуулганы өчигдрийн хуралдаанаар тус тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа өнөөдөр дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Хэлэлцүүлгийн эхэнд Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Сонгуулийн санал авах өдөр нь баасан гараг байгааг дэмжихгүй байгаа учраас зөвшилцөхөөр завсарлага авсан. УИХ-ын сонгуулийг шинэ тогтолцоогоор явуулах гэж байна. Иргэд төрөө сонгон байгуулах үйл хэрэгтээ оролцох бололцоог бүрдүүлэх үүднээс санал өгөх өдрийг баасан гаргаас өөр ажлын аль нэг өдөрт шилжүүлэх нь зүйтэй.


Төр барих эрхээ шилжүүлэх сонгуульдаа иргэд оролцох, иргэдийн сонгуулийн ирц өндөр байх нь зүй ёсных гэж үзсэн. Тиймээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн завсарлагын хугацааг 3 хоногоор сунгуулах хүсэлтэй байна” гэв. УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар холбогдох хуулийн заалтыг үндэслэн завсарлагын хугацааг 3 хоногоор сунгахаар  шийдвэрлэсэн юм.


Холбоотой мэдээ