385 сул орон тоонд шүүгч сонгон шалгаруулав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-09-26 14:09:08

ШЕЗ-өөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал тус газрын Шүүхийн хурлын танхимд болов. Хэвлэлийн хуралд Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир "Шүүх дэх олон нийтийн хяналт”, Шүүгчийн мэргэшлийн хорооны Ажлын албаны дарга Н.Мөнхзул "Шүүгчийн сонгон шалгаруулалт” сэдвээр тус тус мэдээлэл хийв.

Мөн  Увс, Ховд, Сэлэнгэ аймгийн шүүхүүд онлайнаар холбогдон оролцов. ШЕЗ-ийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 114 тоот тогтоолоор баталсан "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн ил тод байдлыг хангах хүрээнд шүүх хуралдааны нээлттэй байдлын хүрээг нэмэгдүүлэх, шүүх шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах механизм тогтоох зорилт тавьсан. Шүүхэд олон нийтийн хяналтыг бий болгохын тулд шүүгчийн сонгон шалгаруулалтад олон нийтийн хяналтыг бий болгох, иргэдийн төлөөлөгчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой  шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулдаг болсныг Н.Мөнхзул онцлов. Үүний үр дүнд шүүхэд итгэх иргэдийн итгэл 20-60 хувь хүртэл өсчээ. ШЕЗ 2014-2016 онд нийт 385 шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт хийжээ. Сул орон тоонд нийтдээ 2000 гаруй хуульч нэр дэвшигчээр бүртгүүлсэн байна. Эцэстээ 1500 гаруй нь сонгон шалгаруулалтад оролцох эрх авчээ. Сонгон шалгаруулалтаар анхан шатны шүүхэд 130 гаруй шүүгчийг шалгаруулан ажиллаж байгаа аж. Зөвхөн энэ 2016 онд анхан шатны 98 сул орон тоо, захиргааны хэргийн хоёр сул орон тоонд 360 гаруй хуульч бүртгүүлж 250-ийг  нь сонгон шалгаруулалтад оруулжээ. Энэ жилийн сонгон шалгаруулалтын онцлог нь өмнө  сонгон шалгаруулалтад орсон хүний эрх нэг жил байсан бол одоо хоёр жилийн эрхтэй болсон гэдгийг тэрбээр онцлоллоо.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ