Зуслангийн байшин ухдаг бүлэг этгээдийг илрүүлжээ

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2016-09-26 14:37:41

Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэлийн ногоон бүсэд оршин сууж буй иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл шалгалтыг 3 сарын хугацаатай зохион явуулав.

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Шадивлан, Зуун мод, Жигжид, Гүнт, Бэлх, Сэлх, Санзай зэрэг 20 гаруй зуслангийн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдэд цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг шуурхай хүргэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 91 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсний зэрэгцээ иргэдийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан мөрдөн шалгаж байна. Мөн Нийслэлийн байгаль орчны газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран байгалийн голомтод болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулсан аж. Дээрх ажлын дүнд энэ зун нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймэр, онц, ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй өнгөрчээ.

Б.Туул

Холбоотой мэдээ