Үйл ажиллагааны орлогод нэг хувийн татвар төлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-01-02 16:49:47

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хувиараа бизнес эрхлэгч нар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг нэг хувиар төлнө.


Өмнө нь олсон орлогоосоо зардлаа хасаад үлдсэн дүнгийн 10 хувийг татварт төлж ирсэн юм. Тэгвэл одоо ХХОАТ-ын нэмэлт өөрчлөлтөөр заавал зарлагын баримт цуглуулахгүй, нийт орлогоос хэмжээ хамаарахгүйгээр үйл ажиллагааны орлоготой иргэд нэг хувийг татварт төлөх боломжтой болж буйг татварын албанаас мэдээлж байна.


ХХОАТ-д орсон нэмэлт өөрчлөлтөөр 10 хувийг нэг хувь болгож бууруулж байна.


Татварын ангиллаар авч үзэхэд Хувь хүний орлогын албан татварын хуулийн 8 дугаар зүйлд зааснаар орлого нь дотроо:

  • Үйл ажиллагааны буюу бизнесийн орлого,
  • Цалин хөлсний,
  • шууд бус орлого,
  • хөрөнгө борлуулсны болон шилжүүлсний,
  • хөрөнгийн болон хүүгийн орлого,
  • ногдол ашиг, хонжворт сугалаа болон бооцоот тоглоомын, бусад орлого гэсэн 6 төрөл байдаг.

Энэ дотроос татварын хөнгөлөлтөд үйл ажиллагааны орлого хамаарч, бусад орлогын хувьд өөрчлөлтгүйгээр татвар төлөлт хэвээр хэрэгжинэ гэдгийг татварын байцаагч нар хэлж байна.

Үйл ажиллагааны орлогод үйлдвэрлэл эрхэлсэн, үйлчилгээ явуулсан орлого, худалдаа эрхэлсний орлого хамаарч байна.


Энд орлогын хэмжээ орохгүйгээр нэг хувийн татвар төлөх юм. Өмнө нь энэ үйл ажиллагааг 50 сая төгрөгөөр хязгаарлаж түүнээс дээш гарсан нөхцөлд зардлаа хасаад ашгаасаа 10 хувийн татвар төлдөг хуулийн заалттай байсан. Одоо бол үйл ажиллагааны орлогоос сонголтоо хийн, татвараа нэг хувиар төлөх хүсэлтээ татварын албанд илгээнэ.

Үйл ажиллагааны орлогод өмгөөлөгч, орчуулагч зэрэг мэргэжлийн болон бие даасан ажил үйлчилгээ эрхэлж, үйл ажиллагаа явуулдаг, худалдаа наймаа эрхэлдэг, урлагийн бүтээл туурвидаг, концерт хийдэг, зохиол бичдэг хүмүүс хамаардаг.


Бүх орлогоос татвар авна гэсэн ойлголт нь буруу юм гэдгийг татварын байгууллагаас албан ёсоор мэдэгдэж байна. Түүнчлэн хэрэв иргэн тухайн жилдээ алдагдалтай ажилласан нөхцөлд нэг хувийн сонголтыг хийхгүй байж болох нь. Тодруулбал, нийт орлогоосоо зардлаа хасаад, алдагдалтай гарсан гэдгээ тайланд тусган (алдагдалтай ажилласнаа баталгаажуулсан байдлаар) татварын албанд илгээх нь.

Нийт үйл ажиллагааны орлогоос шууд нэг хувийн татвараа төлөх, эсвэл зардлаа хасаад ашгаасаа нэг хувийг төлөх үү гэсэн сонголтыг тооцоолсны дүнд хийх аж. 50 сая төгрөгөөс дээш хэмжээний болбол зардлаа хасаж болно. Ингэхдээ хасагдах зардлаа төлбөрийн баримтаар баталгаажуулах аж.


Төлбөрийн баримт нэг хувиар төлөх татварын орлого хэд хүрч байгааг тооцоолно. Үүнийг төлбөрийн баримтаар хянах тул  баримтаа гаргаж олгосон байх юм. Мөн жил бүр тайлан гаргаад явдаг тул түүндээ тусгах шаардлагатай. Хоёрт, тухайн онд багтаан хүсэлтээ илгээх юм. Ингэж байж нэг хувиар татвараа төлөх эрх үүснэ. Ийм 3 нөхцөлтэй байгааг татварын албанаас сануулан зөвлөж байна.  

ХХОАТ-ын дээрх шинэчилсан нэмэлт өөрчлөлт нь бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулсан, бизнесийн үйл ажиллагаагаа цааш нь өргөжүүлэхэд дэм болж, татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж буйг шинжээчид болон татварын байгууллага илэрхийлж байна. 

Холбоотой мэдээ