АНУ-ын Дээд шүүх Д.Трампын давж заалдах гомдлыг хүлээж авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-01-06 11:49:59

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 6 /VOA/. АНУ-ын Дээд шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Дональд Трампын давж заалдах гомдлыг хянах хэлэлцэхээр боллоо. Тодруулбал, Колорадо муж улсад Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд оролцохыг хориглосон шийдвэрийг давж заалдах гомдлыг хэлэлцэх юм.


Уг хэргийг муж улсад санал хураалт болохоос сар хүрэхгүй хугацааны өмнө буюу хоёрдугаар сарын 8-нд хянан хэлэлцэнэ. Колорадод болох анхан шатны сонгуулийг гуравдугаар сарын 5-нд товложээ. 


Колорадогийн шүүх 12 дугаар сарын 19-нд Д.Трампыг анхан шатны сонгуульд оролцохыг хориглосон юм. Уг шийдвэрийг АНУ-ын Үндсэн хуульд оруулсан 14 дэх нэмэлт өөрчлөлтийн заалтад үндэслэн гаргасан бөгөөд эл заалтад "АНУ-ын эсрэг бослого гаргасан, оролцсон эсвэл дайснууддаа тусламж, дэмжлэг үзүүлсэн бол төрийн албан тушаал хашихыг хориглосон" байдаг. Энэ заалт АНУ-ын Ерөнхийлөгч асанд хамаарахгүй гэж түүний өмгөөлөгчид мэдэгдэж байгаа юм. 2021 оны нэгдүгээр сарын 6-нд тухайн үед Америкийн Ерөнхийлөгч байсан Трампыг дэмжигчид 2020 оны 11 дүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлахад саад хийж, АНУ-ын Конгрессын байр луу дайран орж үймээн дэгдээсэн билээ. 


Есөн шүүгчийн бүрэлдэхүүнтэй Дээд шүүхийн зургаан шүүгч нь консервативчууд бөгөөд гурвыг нь Д.Трамп томилж байжээ. 

Холбоотой мэдээ